Бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-09 16:12:11

Афганистан Улсад явж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн хамгаалалтын ротын нэгдүгээр ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид НҮБ-ын болон Африкийн холбооны хамтарсан Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн YI ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн одон медаль гардууллаа.

Мөн БНХАУ-д явсан Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн ялалтын ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж, ЗХЖШ-ын даргын батламжийг гардуулсан юм.

Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, АНУ-ын Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Митью Кент болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Шагнал гардуулсаны дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа энхийг сахиулагчдын хичээл зүтгэлийг төр засаг өндөр үнэлж байдгийг дурдаад энэ нь цэрэг дайчдынхаа цаашдын үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, үр бүтээлтэй явуулах итгэл, урам зоригийг хайрлаж байдаг хэмээн тэмдэглэв. Тэрээр мөн үеэр БНХАУ-д болсон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын ёслолын жагсаалд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон цэргийн алба хаагчдад баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд