Залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-07 17:28:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Залуу малчин гэр бүлийг дэмжих, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, залуу малчдын нэр хүндийг өсгөх, тэдэнд урам зориг өгөх зорилго бүхий  “Алтайн-Малчин” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр Алтай хотноо нээлтээ хийлээ. 
 
Нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, тус аймгийн удирдлагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Мөнхнасан нар хүрэлцэн ирж зөвлөлгөөнд оролцогчдод цаг үеийн мэдээ мэдээлэл өгч, амжилт хүссэн юм. ИТХ-ын дарга Т.Ганзориг энэхүү зөвлөлгөөний ач холбогдол нь мал аж ахуйн талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал санаачилгыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход оршино хэмээлээ.
Зөвлөлгөөний үеэр тус аймгийн Дарив сумын хошой аварга малчин О.Гансүх, Төгрөг сумын Гавьяат малчин Г.Ванчиг, Алтай сумын Аймгийн сайн малчин Д.Ганболд, Дэлгэр сумын Улсын аварга малчин Т.Алзахгүйбаатар, Цээл сумын Улсын аварга малчин В.Дүгэрсүрэн нар өөрсдийн мал маллах арга ухаан, арвин туршлагаа залуу малчдад хуваалцсанаараа онцлогтой арга хэмжээ болов. 
Зөвлөлгөөнд тус аймагт ажиллаж хөдөлмөрлөж буй улс, аймаг, сумдын алдар цолтой ахмад 54 малчин, улс, аймаг, сумдын алдар цолтой 54 уяач, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т  /2015-2018 онуудад/ хамрагдсан 197 малчин, 39 хүртэлх насны 195 залуу малчин нийт 500 малчин зөвлөлгөөнд оролцож байгаа юм.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ард иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр батлуулсны нэг нь “Алтайн малчин” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь 2018 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ