Хятад улс Монголын баруун 5 аймагт тогтоосон шүлхийн хоригоо цуцалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-09 17:47:29

 БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран  Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн үхэр, хонины түүхий маханд шүлхийн хоригийг 2013 онд тогтоосон.

Тэгвэл энэхүү хоригийг цуцалсан тухай 2015 оны 140 дугаартай албан мэдэгдлийг энэ сарын 7-нд БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын цахим хуудсанд албан ёсоор нийтэлсэн байна. 

Албан мэдэгдэлд өнгөрсөн 10 дугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны шинжээчдийн баг Монгол улсад хийсэн шүлхийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсын баруун таван аймгаас үхэр, хонины мах БНХАУ-д экспортлохыг зөвшөөрсөн талаар  дурджээ. Ингэснээр Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонины түүхий мах экспортлоход хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулсны дараа хоёр талын худалдаа эхлэх боломж нээгдэх аж.

Б.Заяа

Холбоотой мэдээ