Д.Сумьяабазар: Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-04 13:48:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжинэ” гэж “Coal Mongolia-2018” чуулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэлэхдээ онцолсон юм.
 
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэвэл тэрээр, “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар 2017 оны байдлаар манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 гаруй хувийг, ДНБ-ийн 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна. Миний бие та бүхэнд өнөөдөр 3 сэдвээр мэдээлэл өгч, санал солилцохыг хүслээ.
 
Нэг. Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн тухайд: Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, уг тогтоолын хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байгаа үед зохион байгуулагдаж байна. Улс төрийн гол нам, институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдэж, сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гарлаа. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байна.
 
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтрах ажлыг хийж байна. Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглана. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэхийг шийдвэрлэж, улмаар нүүрсний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх юм. Тавантолгойн ордоос олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах ажлыг хийгээд эхэлсэн.
 
Оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс олборлож, 20.5 сая тн нүүрс экспортолжээ. Нүүрсний экспорт ийнхүү сайн үзүүлэлттэй байхад бизнесийн түншүүдийн маань харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний өмнө бизнесийн асар их боломж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
 
Хоёр. Уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухайд: УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлыг хийх болно. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Мөн “Оюу Толгой” компани эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангах үүднээс цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлээд байна. Бид Ханги-Мандал боомтоор төмөр замын хоёр дахь гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр Хятадын талтай яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Төмөр замын хоёр гарцтай болсноор манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, илүү хямд өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү дэд бүтэц бүрдүүлснээр манай улсын ашигт малтмалын ордуудын үнэ цэнэ өсч, эдийн засгийн бодит өсөлт ирэх юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн оролцоотой байгуулж,  төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна. Тавантолгойн ордоос гадна нүүрс экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуд бий.
 
2017 оны байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын 50 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор хийсэн байна. Засгийн газар Монгол Улсын экспортын нүүрсний балансыг хадгалах зорилгоор Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замд анхаарал хандуулан шийдвэр гаргасан. Шивээхүрэнгийн төмөр замыг барьснаар сул коксжих нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бүрдэх юм. Мөн 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол –ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард гарын үсэг зурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.
 
Мөн БНХАУ-ын “Бүс ба зам”, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, саяхан Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж тун удахгүй бүрдэнэ. Экспортын нүүрсний ордууд ихээр төвлөрсөн өмний говийн бүс нутгийг гадаргын усаар хангах том төсөл хэрэгжүүлэх боломжийг бид идэвхитэй судалж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өмнийн бүс нутгийн хүн амын суурьшилт, бүс нутгийн экологийн тэнцвэр, хөгжилд том өөрчлөлт гарах болно.
 
Гурав. Эрх зүйн орчны талаар: Дэлхийн зах зээлд Монголын геологи, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг чадавхжуулахын тулд тус салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тухайлбал, салбарын хууль, журам, заавар, стандарт хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг цэгцлэх, тусгай зөвшөөрөл олгох, хянах зэрэг ажиллагааг хөнгөвчлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, чиг үүргийг тодорхой болгох, орон нутгийн оролцоог сайжруулах шаардлагатай. Мөн байгаль орчны хяналт, уурхайн хаалтын механизмыг хэрэгжихүйц болгох, улмаар уул уурхайн салбараас урт хугацаанд, тогтвортой, үр ашиг хүртэх баялгийн засаглалыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авах нь та бидний ойрын болон дунд хугацааны зорилт бөгөөд энэ талаар зохих арга хэмжээг УУХҮЯ-ны зүгээс авч ажиллаж байна. Эдгээр тодорхой зорилтын хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжид чанарын дэвшил гарч, үр дүнд нь хөрөнгө оруулалт татах бодит, таатай орчин бүрдэнэ.
 
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжинэ. Түүнчлэн нүүрсний уурхайгаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах, нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоох, уламжлалт бус газрын тосны хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт ач холбогдол бүхий  нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааг Австрали улсын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэх-бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар тогтоод байна. Нүүрсний салбар нь манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг дахин онцлон тэмдэглэхийг хүсч байна" гэв.
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
Холбоотой мэдээ