У.Хүрэлсүх: Тамхиа хаяж тамирчин, спиртлэг биш спортлог амьдарцгаая залуусаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-02 11:04:15
@s_munkhbaatar
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болохоос гадна эрүүл мэндийн үзлэг үнэгүй болж байв.
Тус өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг бий. Монгол хүн эрүүл байж улсаа цааш нь авч явах учиртай. Индонезийн Азийн наадамд манай тамирчид медалийн жагсаалтаараа дээгүүрт бичигдэж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ эдгээр тамирчдад зориулагдсан. Тамирчин хүн маш их тэвчээр хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Залуус та бүхэнд нэг үгийг захиж хэлмээр байна. Тамхичин байхаа больж, тамирчин болоё, спиртлэг биш спортлог байя. Илүүдэл жингээ хасч эрүүл амьдарцгаая. Гэр бүлээ тэжээх, хамгаалах, Эх оронд нь аюул тулгарвал алтан амиа золиослон явах хүн бол эрчүүд бид. Эрэлхэг зоригтой, хүчирхэг байхын  тулд эрүүл чийрэг байх ёстой. Тийм болохоор  архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа" хэмээв.
Өдөрлөгт урилгаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БХЯ-ны газрын дарга Г.Сайханбаяр зэрэг албаны хүмүүс оролцов.
Спортын олон тэмцээн уралдаан болохоос гадна Эрүүл мэнд, спортын холбоодтой хамтран ажилладаг байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байв.


С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ