Боксчин Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар аваргын төлөө өнөөдөр дараалан тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/.Индонезийн нийслэлийн Кемаеоран /Kemayoran/ дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаан орон нутгийн цагаар 14:00-д эхэлнэ.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглоно.
Энэ тоглолтын дараа 64 кг-д дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Узбекстаны боксчин, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Холдаров Икболжон-той алтан медалийн төлөө тулалдана.
Э.Цэндбаатар энэ удаагийн тэмцээнд Ирак, Туркменистан, БНХАУ-ын тамирчдыг 5:0-ээр дараалан ялсан бол А.Шункор Филиппин/5:0/, Киргиз /3:2/, Тайланд /5:0/-ын боксчдыг ялж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Харин Б.Чинзориг БНАСАУ /5:0/, Энэтхэг/5:0/, Тайландын /3:2/ боксчдыг ялж аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм. Түүний өрсөлдөгч нь Иордан, БНСУ, Японы тамирчдыг ялж шигшээд тунажээ.
Манай Э.Цэндбаатар орон нутгийн цагаар 14:45-д, Б.Чинзориг 15:00 цагт дэвжээнд гарч тулалдана.
Д.Өлзий