Ц.Цэндээ: Сүүлийн үеийн малчид тэмээ сонирхохоо больжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-08-29 16:05:14
Увс/МОНЦАМЭ/  Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн харъяат, Улсын аварга малчин Цээсүрэнгийн Цэндээтэй ярилцлаа. Тэмээн сүргийн нуруун дээр өсч, тэнгэр нар хоёрт ойрхон явж ирсэн түүний хувьд удам залгасан улсын сайчуулын нэг юм. Түүний аав  Б.Цээсүрэн Монгол Улсын Аварга малчин юм. Ажилч хичээнгүй, арвин туршлагатай Цэндээ малчны цэгцтэй яриаг уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Би 1980-аад оноос Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт өвөрлөж хөдөө гарч малчин болсон. Улмаар хоёр жил мал маллаад цэргийн албанд мордож, халагдаж ирээд буцаад малчин болж байлаа. Энэ яваа насаараа л мал маллаж байна. Манай аав, өвөө хоёр маань тэмээчин. Тийм болохоор би тэмээн сүргийн нуруун дээр өсч өндийсөн, тэмээнд их хайртай хүн байгаа юм.
  Миний хувьд 2012 Монгол Улсын сайн малчин цол хүртсэн. Аав ээжийнхээ өвлүүлж өгсөн буянт мал сүргийг өсгөж үржүүлсээр өдий хүрч явна даа. Одоо 50 гаруй настай.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Эхнэрийг маань Х.Дулмаа гэдэг. Өргөө гэрийн минь тулах нэг багана болсон, монголчуудын нүүдлийн өв соёлыг тээж яваа жирийн нэгэн малчин бүсгүй байгаа. Манайх таван хүүхэдтэй. Гурав дахь хүүхдээ өөрийнхөө өв залгуулах малчин болгосон. Дөрөв дэх хүү маань цэргийн алба хааж байгаа. Отгон хүү маань дунд ангийн сурагч байгаа юм. Хоёр том нь тусдаа гарцгаасан.
-Аавынхаа тухай яриач. Таныг удам дамжсан тэмээчин гэж сонслоо?
-Миний аав Баяндайн Цээсүрэн гээд Монгол Улсын аварга малчин хүн бий. Аав маань 1976 онд 112 ингэнээс 112 ботго бойжуулсан амжилтаар Монгол Улсын аварга малчин цол хүртэж, тухайн үедээ намын болон нэгдлийн их хурлуудад оролцож, Москва, Ленинградаар аялаж байсан юм. Аавын маань аав Э.Баяндай гэдэг хүний хувьд нэгдэл байгуулагдаж байхад анхны гишүүдийн нэг болон элсэж, тэмээ маллаж байсан түүхтэй. Өвөө, аав хоёрынхоо зам мөрийг дагаж тэмээчин болсондоо би баяртай байдаг.
-Танай мал сүрэг тань хэр их өсч үржиж байгаа вэ?
-Нийтдээ 820 гаруй толгой мал байгаагийн 200 гаруй нь хонь ямаа, үлдсэн нь бод мал байгаа юм. Аав ээжийн минь өвлүүлж өгсөн тэмээн сүрэг өсч үржээд олон л болж байна. Манай сум энэ жил 550 тэмээ тоолуулсаны 105 нь манайх байгаа юм. Хангайн бүсийн сум гэхэд манай сум цөөхөн тэмээтэй. Манай Бугат баг 300 гаруй тэмээтэй бөгөөд тэр бүгд миний харамжинд байдаг. Ер нь бол сүүлийн үеийн малчид тэмээ сонирхохоо больжээ. Гэтэл тэмээ ямар ч бэрхийг давдаг, зуд зурханд өртдөггүй, өөрийнхөө чадвараараа амьдраад, бэлчээрээ сонгоод, амиа тээдэг мал байгаа юм. Иймээс тэмээ өсгөмөөр байна. Миний хувьд тэмээний баярыг санаачлан сүүлийн 9 жил сумандаа зохион байгуулж байна. Энэ үеэр олон төрлийн тэмцээн уралдааныг малчдынхаа дунд зохион явуулдаг.
-Мал маллахад бэрхшээлтэй зүйл байна уу?
-Ойрын жилүүдэд ган гачиг, зуд зурхан болоод мал маллахад хэцүү болжээ. Хөрш зэргэлдээ орнуудын хил давангуут ногоон зүлэг дэвсчихсэн юм шиг сайхан байдаг гэсэн. Гэтэл манай оронд зуны улиралд бороо орох нь ховордсон. Ялангуяа ногоо тариалалтын үеэр бороо ордоггүй. Харин намаршиж ирээд бороошиж, өвөлдөө цас их унаж байна. Энэ нь өвөл зуд болоход нөлөөлдөг. Гэвч малчид бидний хувьд хөдөлмөрийн үр шимээ хүртээд байгаль цаг уурын нөхцөлд тааруулан амьдраад болж л байна. Эцэг өвгөдөөс өвлүүлж өгсөн өв их соёл болохоор мал сүргээ ахуйлахаас өөр арга бидэнд байхгүй. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг болохоор тэр бүх ажлыг хийгээд л явж байна даа.
-Хадлан тэжээлээ хэрхэн бэлдэж авдаг вэ?
-Манайх жилийн жилд хадлан тэжээлээ сайн бэлдэж авдаг. Хяргас нуурын хаяа Хөх дэрс гэх газраас хадлан хаддаг. Хилийн бүс нутаг болохоор бэрхшээл ихтэй. Бас Баруунтуруун сумаас тариа будаа, овъёос авна. Нийтдээ жилдээ 20-30 тн өвс бэлдэж авдаг.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Монгол орны бэлчээрийн даац хэтрээд мал маллахад хүндрэлтэй байна. Иймээс малын тоо толгойноос илүү чанарт анхаарах цаг иржээ. Аль болох ашиг шим өндөртэй малтай болмоор байна. Тухайлбал, гурван малаас авах ашиг шимийг нэг малаас авдаг болмоор байна. Малчид маань малынхаа үүлдэр угсааг сайжруулж, өндөр ашиг шимтэй мал сүрэгтэй болох болтугай.
-Танд баярлалаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ