Олон улсын соёлын өвийн сүлжээ байгуулахаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-28 12:38:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг албан болон албан бус боловсролоор дамжуулан хөхиүлэн дэмжих нь өнөөгийн даяаршлын ертөнцөд улс орнуудад тавьж буй чухал шаардлага болсныг онцолсон Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал өнөөдөр ГХЯ-нд эхэллээ.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Ази, Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP), ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БСШУСЯ хамтран зохион байгуулж буй олон улсын хурлаар манай улсын Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт байрлах сумдын 7 сургуулийн сурагчдад өвийн талаарх мэдлэг, ойлголт өгөх, хайрлан хамгаалах талаар хичээлээс гадуурхи сургалт семинарыг зохион байгуулсан талаар мэдээллээ. Дээрх арга хэмжээг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Богцон дахь соёлын өв” туршилтын төслийн хүрээнд явуулжээ. Өнөөдрийн хурлын талаар Ази, Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP)-ийн Ерөнхий захирал ноён Квон Хогоос тодруулахад, “Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа ялангуяа Зүүн хойд Азийн орнуудад соёлын биет бус өвийн хамгаалалт, ойлголт, сурталчлах явдал өнөөдрийн хувьд үнэхээр онцгой үйл явдал болж байна” гэв. Яагаад гэвэл энэ бүс нутагт даяаршил, хотжилт эрчимтэй хөгжиж байгаа учир улс орнууд өөрийн үндэстний соёлын өвд анхаарал тавихгүй бол хурдацтай хөгжлийн явцад алдах эрсдэлтэй. Иймд орон бүр өөр өөрийн соёлын өвийн гайхамшигтай өвөө хойч үедээ үлдээн таниулах явдал чухлаар тавигдаж буй бөгөөд боловсролоор соёлын өвөө дамжуулан авч үлдэх шаардлага тулгарч байна. Энэ ажлаа улс орнууд өөрийгөө зөв таниулан сурталчлахаас эхэлнэ гэдгийг онцлож байв.
Хоёр өдөр үргэлжлэх дээрх олон улсын хурлаар улс орнууд соёлын өвөө хадгалан хамгаалж авч үлдэхэд хамтран ажиллаж олон улсын соёлын өвийн сүлжээ байгуулах талаар хэлэлцэж байна. Хуралд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал бөгөөд ЮНЕСКО-гоос БНХАУ, БНАСАУ, Япон, Монол, БНСУ-д суугаа төлөөлөгч Мариелза Оливейра, ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн хэлтсийн дарга Сюзанэ Шнуттген, мөн ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгч Дуон Бич Хан зэрэг өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Тодруулга: ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн 2.3-дугаар зүйлд соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах үйл ажиллагаа, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалах зорилгоор албан болон албан бус боловсролоор дамжуулан түүнийг таньж тогтоох, баримтжуулан судалж хадгалан хамгаалж олны хүртээл болгох үүргийг дээшлүүлэх түгээх, улмаар өвийн төрөл зүйлийг сэргээнэ гэж заасан байна.
 Б.Болд
Холбоотой мэдээ