STEM боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалт явуулж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-25 09:38:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүрэн дунд боловсролын 12 дугаар ангийн STEM боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт болон багш нарт арга зүй, ур чадвараа хөгжүүлэх, мэдээлэл харилцааны технологийг ашиглах, ажлын байрандаа хамтран хөгжил арга барил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх сургалт Б.Баастын нэрэмжит Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуульд өчигдөр эхэллээ.

Уг арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуулийн 260 багш, удирдах ажилтан оролцож байна.

Сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотоос ирсэн сургагч багш нар явуулж байна.

Бид сургалтын ач холбогдлын талаар Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн бүрэн дунд боловсролын мэргэжилтэн, доктор Д.Үүрийнтуяагаас тодруулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ: "STEM сургалт гэдэгт ерөнхийдөө математик, физик, хими, дизайн технологийн хичээлийг авч үзэж байгаа. Сургалт маань дээрх хичээлүүдийг 12 дугаар ангид заах багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Үүнтэй зэрэгцээд ахлах ангид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт давхар явж байна. 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ахлах ангийн "Цөм хөтөлбөр", сурах бичгийг шинэчилсэнтэй холбоотой 10, 11 дүгээр ангийн сургалтыг хэрхэн заах вэ гэдэг арга зүйн сургалтуудыг өмнө нь явуулж байсан. Энэ жилийн сургалтын онцлог бол 12 дугаар ангийн сургалтын асуудлыг авч үзэж байгаа. Эдгээр сургалтуудыг Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй зээлийн хөрөнгөөр БСШУСЯ-ны бодлогын дор явуулж байна" гэлээ.

Тус сургалт нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш өндөрлөнө.
 

Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ