ОХУ-ын нутагт микро автобус осолдож Монгол Улсын долоон иргэн гэмтэл авчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-24 19:16:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт микро автобус осолдож, Монгол Улсын долоон иргэн гэмтэл авсан талаар Алтайн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг  РИА новости агентлаг уламжиллаа.

Осол өнөөдөр /2018.08.24/ өглөө орон нутгийн цагаар 08:00 цаг орчимд болжээ. Тухайн микро автобусаар 18-50 насны 15 зорчигч зорчиж явсан бөгөөд Монгол Улсын долоо, ОХУ-ын нэг, нийтдээ найман хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний дотор Монгол Улсын хоёр иргэний биеийн байдал хүнд тул Барнаул хотод нисдэг тэргээр хүргэжээ. Бусад хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг ба Алтай дүүргийн төв эмнэлэгт байгаа аж.

Тус микро автобус нь  энэ сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явсан бөгөөд урьдчилсан  мэдээллээр замын эсрэг урсгалд орж ГАЗ-3110 маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн байна.

 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ