"Төрийн хяналт-иргэн таны төлөө" сарын аян эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-22 14:22:53
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтаас зохион байгуулж буй "Төрийн хяналт-иргэн таны төлөө" сарын аян өчигдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой уг арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд зэрэг 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлэх аж.

Аяны хугацаанд сургууль, цэцэрлэг орчмын явган хүний орц, гарцыг тэмдэг, тэмдэглээжүүлэх, хүүхдүүдэд цахилгааны аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, хүүхдийн тоглоомын төв, цэцэрлэгийн гаднах тоглоом, сургуулийн биеийн тамирын талбай, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах зэрэг 51 төрлийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мөн хичээлийн шинэ жилийн босгонд аймгийн төв талбайд өдөрлөг зохион байгуулж, хүүхэд багачуудад боловсрол, эрүүл мэнд, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөхөөр болжээ.

"Төрийн хяналт-иргэн таны төлөө" сарын аян ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ