Гэрээт малчнаар ажиллах залуусыг бүртгэн, судалгаа авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-22 14:22:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Засгийн газраас улсын хэмжээнд “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг зарим аймагт туршилтаар хэрэгжүүлэх ажлыг ХНХЯ гардан гүйцэтгэж, гэрээт малчнаар ажиллах өрхийн залуучуудыг бүртгэн судалгаа авч байна.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулбал, “Хөдөө, орон нутагт иргэдийг ажлын байртай болгохын тулд МАА-г түшиглэхээс өөр арга зам алга байна. Шулуухан хэлэхэд ажилгүй байгаа залуусыг 100 хувь хөдөлмөр эрхлэлтийн албадаар зуучлуулан ажилд оруулж ажлын байраар хангах явдал хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл орон нутагт барьж байгаа, шинээр ашиглалтад орж байгаа үйлдвэр, ААН гэж бараг байхгүй, орон нутгийн түвшинд бизнес хөгжөөд ажлын байр бий болгох асуудал хүнд байгаа тул дотоодын нөөц боломжоо тулгуурлан ажлын байр бий болгох нь чухал байна. Үүний нэг нь МАА-г дагасан ажлын байр бий болгох бодлого юм.

Энэ хүрээнд бид “Гэрээт малчин буюу өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай улс зах зээлд шилжсэн өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд олон малтай хэр нь ам бүлтэй цөөн малчид туслах малчин авч ажиллуулж ирсэн. Гэвч энд төр, засгаас зохицуулсан бодлого, зорилт, эрхзүйн акт байхгүй, дандаа аман тохироогоор явж ирсэн. Нөгөө талаар гэрээт малчнаар ажиллах ганц бие залуус хөдөө гарч айлын хаяанд очоод энэ ажил үр дүнтэй болохгүй. Нэг л өдөр гэр орноо гээд ажлаа хаяад явчих эрсдэл ихтэй учир бид энэ хөтөлбөрт хот суурин газар ажилгүй байгаа залуусыг зайлшгүй гэр бүлээр нь хөдөө орон нутагт ажиллуулья, ийм нөхцөлд төрөөс олон талаар дэмжье гэсэн бодлого барьж байгаа. Энд хэд хэдэн дэмжлэг байгаагаас дурдвал:
  • Төв суурин газраас хөдөө, орон нутагт нүүдлэж очих тээврийн зардлыг Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сангаас олгоно,
  • Гэрээт малчнаар ажиллаж буй айл өрхийн гишүүн залуучуудын ЭМД-ын хураамжийг нь мөн сангаас 100 хувь дааж гарган зохицуулж өгнө,
  • Мөн гэрээт малчнаар ажиллаж буй нөхцөлд ажил олгогч малчинтайгаа гэрээ байгуулаад цалин хөлс авч НДШ төлж байгаа бол түүнийх нь 50 хувийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас буюу төрөөс төлж өгнө,
  • Ажил олгогч малчны хувьд гэрээт малчинтайгаа гэрээ байгуулан ажиллуулж НДШ-ийг төлж буй нөхцөлд түүнийх мөн 50 хувийг төр даан төлөхийн зэрэгцээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 12 сартай тэнцэх урамшуулал өгч байхаар зохицуулах гэж байна гэв.
Төр, засгаас дээрх хөтөлбөрийг ийнхүү олон талын оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, залуучуудыг мал маллах арга ухаанд сургалт сургалтанд хамруулах юм байна. Гэрээт малчнаар ажиллах залуусыг аймаг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, төлөөлөгчөөр дамжуулан бүртгэж судалгааг нэгтгэн гарах ажил Увс аймгаас эхлээд явж юм. Хөтөлбөр энэ жил туршилтаар явж, ирэх жилээс бүх аймаг, сумдад хэрэгжих бөгөөд эхний ээлжинд мал маллах 520 гаруй гэр бүлийг хамруулах юм. 

Тодруулга: Улсын хэмжээнд малчин өрхийг авч үзвэл, баруун бүсэд 63.1 мянга, хангайн бүсэд 83.8, төвийн бүсэд 49.2, зүүн бүсэд 27.6, нийслэл Улаанбаатарт 5.1 мянган малчин өрх байна. Малчдын тоогоор баруун бүсэд 79.192, хангайн бүсэд 124.682, төвийн бүсэд 60.290, зүүн бүсэд 36.411, Улаанбаатарт 3015 малчин байна. 
Б.Болд
 
Холбоотой мэдээ