Улаанбаатараас сансрын хиймэл дагуултай амжилттай холбогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-09 09:16:47

Монгол оюутнууд Нийслэл хотоос энэ сарын 8-ны 00 цаг 39 минутад сансрын хиймэл дагуултай амжилттай холбогджээ.

Манай улсын 30 гаруй оюутнууд өнгөрсөн даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнийн 00 цаг 39 минутад Улаанбаатар хотын Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбайгаас Японы ALOS-2 хиймэл дагуултай холбоо тогтоосон нь Монголдоо анхдагч туршилт боллоо.

Энэ арга хэмжээг “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд тэдний гол зорилго нь “Сансар огторгуй биднээс тэс хөндлөн, хол зүйл биш” гэдгийг ойлгуулж, хүүхэд багачуудад “Сансрын технологи биднээс хол зүйл биш гэдгийг харуулах зорилготой байсан нь ийнхүү биелэв. Японы сансар судлалын “Жакса” агентлагаас “Эх газрын одон орд” гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийг “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-аас Монголд анх удаа хэрэгжүүлж, оюутнуудыг өөрийн бүтээсэн багажаар Японы хиймэл дагуултай холбоо тогтоох боломж олгосон байна.

“Японы сансар судлалын агентлагийн “ALOS-2”  хиймэл дагуул 12 дугаар сарын 8-ны 00.38 минутад Улаанбаатар хотын дээгүүр явж өнгөрөх байсан. “ALOS-2”  нь тусгай цахилгаан соронзон бүхий камертай, газрын зураг авдаг, газрын зураг авдаг хиймэл дагуул юм. Тэр камерт гарахын тулд цахилгаан соронзон орныг ойлгодог багаж шаардлагатай. Энэ багажийг манай оюутнууд гар доорх материал ашиглаад таван ширхгийг хийсэн бөгөөд хиймэл дагуултай холбоо тогтоохын тулд тухайн цагт энэ багажуудаа янз бүрийн байдлаар байрлуулжээ. Улмаар Улаанбаатар хотын дээгүүр явж буй хиймэл дагуул зургийг нь авч байгаа юм” хэмээн “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын гишүүн, ШУТИС-ийн харьяа Коосэн загварын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр тайлбарлаж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ