Төмөр замын сэргээн босголтонд 200 сая төгрөг зарцуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-15 17:04:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замд гарсан осол, түүнээс үүссэн хохирлыг арилгах сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных болон “Монголын төмөр замчдын холбоо”-ны тэргүүн Н.Баяраа нар өнөөдөр УБТЗ-ын Удирдах газрын байранд мэдээлэл хийлээ.

 Галт тэрэгний осолд орсон хүмүүсээс 18 нь УБТЗ-ын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
 
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн мэдээлснээр, “Төмөр замын суурь бүтэц их хэмжээгээр орсон борооны улмаас угаагдаж эвдэрснээс Улаанбаатар-Сайншандын чиглэлийн 329 зорчигчтой явсан суудлын 286-р галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын 3 вагон замаас гарснаас гэмтэж бэртсэн хүмүүст Сайншанд болон хамгийн ойр орших Айраг сумаас түргэн дуудлага яаралтай тусламж үзүүлж галт тэрэгний унаагүй үлдсэн вагонуудад шилжүүлэн суулгаж мөн хамгийн ойрын өртөө Чойр руу татаж шилжүүлсэн. Газар дээр нь нийт 351 хүнд эмнэлгийн үзлэг хийснээс 81 зорчигч эмнэлгийн туслалцаа авч хүнд байдалтай 2 хүнийг Айраг сумын эмнэлэгт хүргэж улмаар Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт эмчилж байна. Бүх зорчигчийг Сайншанд өртөөн дээр дахин үзүүлж, улмаар нийслэлд авчран одоо 18 хүн УБТЗ-ын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Галт тэрэг осолдох үед галт тэрэгний бригадынхан хурдан шуурхай ажиллаж, машинист нар яаралтай зогсолт хийн урд талын цонхоо хагалан гарч туслах болон зорчигч үйлчлэгч нарт дохио өгч бүрэлдэхүүнийг вагоноос гаргах шуурхай арга хэмжээ авч зорчигчдын амь насыг аврахын төлөө сайн ажилласан” гэв.

 
Осол гарсан 747 дахь км нь их засварт хараахан ороогүй үлдээд байжээ
 
Тэрээр, наймдугаар сарын 12-ны 22.00 цагт төмөр замыг бүрэн чөлөөлснөөр нээгдэж, хөдөлгөөн хэвийн болж зорчигч, тээвэр явж байгаа ч өнөөдрийн байдлаар сэргээн босголтын ажил үргэлжлэн явж буйг мэдээлж өнөөдөр орой гэхэд сүүлийн бүрэлдэхүүний босгож ачиж зөөх ажил хийснээр бүрэн дуусна гэж мэдэгдлээ. Сэргээн босголтын тухайд усанд автсан төмөр замын 200 гаруй м газрын замыг шинээр тавьж, энд газар дээр 486 хүн ажиллажээ. Дамжин өнгөрөх 170 зорчигч жуулчинтай Москва-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэрэг боогдон саатаж зогссоныг даруй арга хэмжээ авч явуулжээ. Ослын хохирлын хэмжээ бүрэн гараагүй, шууд хохирол болон гарсан зардал одоогийн байдлаар мөнгөн дүнгээр 200 сая төгрөг болоод байна. Ослоос болж хөдөлгөөн 36 цаг зогссоны хохирол их хэмжээтэй, энэ нь магадлагаа дүн шинжилгээний дүнд бүрэн гарна гээд УБТЗ-ын удирдлага тухайн орон нутгийн буюу Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн удирдлага, цагдаа, цэрэг, онцгой байдал, эмнэлэг, захиргааны ажилтнууд шуурхай тусалж хамтран ажилласныг тодотгож төмөр замчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Ийм байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу? Байгалийн аюултай байдлыг тооцон түүнээс урьдчилан сэргийлж юу хийдэг вэ?” гэсэн асуултад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, “УБТЗ-аас жил бүрийн хавар үер усны аюулаас сэрэмжлүүлэх үүднээс гэмтэж эвдэрч болзошгүй төмөр замын суурь бүтцийг хамгаалах талаар тушаал гаргаж, авах арга хэмжээг зааж өгдөг. Энэ оны хувьд гуравдугаар сарын 18-нд тушаал гарч байнгын хяналт шалгалт хийж, эхнээс нь арга хэмжээг аваад явж байсан” гэсэн хариу өгч байв. Тодруулж хэлэхэд осол гарсан 747 дахь км-ын төмөр замын энэ газар нь 1957, 1983 онд мөн усанд автаж байсан, газрын рельф нь усжилт ихтэй газар гэгддэг юм байна. Хамгийн сүүлд энэ замд 1997 онд засвар хийсэн, түүнээс хойш засварт ороогүй буюу УБТЗ-ын хэмжээнд одоо хийж буй нийт төмөр замын засвараас 404 км газрын төмөр зам дутуу, үлдээд байсны нэг хэсэг нь энэхүү 747 км дахь энэ зам юм байна.

 
Д.Жигжиднямаа: Осол гарсан хүнд нөхцөлд ажлаа орхих эрх надад байхгүй байсан
 
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагээс сэтгүүлчид түүнийг хариуцлагаа хүлээж албан тушаалаа чөлөөлөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа талаар асууж тодруулахад тэрээр “Осол гарсан үед шуурхай арга хэмжээ авах, ослын хохирлыг яаралтай арилгаж сэргээн босгох гээд энэ бүхнийг хийж буй нөхцөлд үйл ажллагааг удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй надад тийм зав чөлөө байхгүй, би ажлаа чөлөөлөх өргөдлөө өгөөгүй. Ийм хүнд нөхцөлтэй үед ажлаа орхиод явах эрх, тийм сэтгэл надад байхгүй” гэсэн хариу өгч байв. Тэрээр, “Энэ осол аваар бол хүний хүчин зүйлээс шууд хамаарсан нөлөө бүхий зүйлгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон ийм дүгнэлт гарсан учир энд хэн нэгнийг буруутгах аргагүй, өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна” гэж байлаа.
Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхоос зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр, “Яг осол болсон газар дээр УБТЗ-ын дарга яагаад очоогүй юм гэсэн асуудал гарч байх шиг байна. Түүний оронд би очиж ажилласан гэж хэлж болно. Төмөр замд олон жил ажилласны хувьд туршлага хуримтуулсан мэргэжлийн хүнийхээ хувьд намайг тийшээ явуулсан, би очиж нэг өдөр хагас хугацаанд нөхцөл байдлыг харж зөвлөж зааварлаж удирдах, ОХУ-аас ирсэн сэргээн босгох галт тэрэг болон аврах техник хэрэгслийн ажиллагааг зохицуулж ажилласан” гэж байв.
Б.Болд
Холбоотой мэдээ