Ирэх сард ч бороотой байх тул үерээс болгоомжлохыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр наймдугаар сарын 12-ны өдөр усархаг борооны улмаас осолдсон болон аврах ажиллагааны талаар тодруулга өглөө.
"Дорноговь аймгийн Айраг суманд галт тэрэгний осол гарснаас гадна хүчтэй үер буусны улмаас олон айл өрх усанд автсан байна. Өнгөрсөн амралтын өдөр шөнийн 01:30-03:00 цаг хүртэл хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр замын далан усанд автсан. Өдрийн 10 цагт 10 орчим айл усанд автсан. Оройны 11 цагт 21 айл усанд автлаа гэсэн мэдээлэл нэмэгдсэн. Хоёр айлын яндан нь цухуйсан байдалтай байсан юм. Айраг сумын нэг онцлог нь сумыг тойроод тойром байдаг. Тэр тойром дээр нь айлууд буусан байсан учраас гэр нь усаар дүүрсэн. Тэр өдөртөө багтааж аймгийн Онцгой байдлын газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн юм. Мөн үер буух үеэр “Приус” машинтай явсан хүмүүсийн хоёр нь газар үзэх гэж буугаад үерт өртөн амиа алдсан. Энэ жил маш бага талбайд асар их хүчтэй бороо орж байна. Одоогоор үерийн улмаас найман хүн нас барсан. Нийт энэ зун 67 хүн нас барсны дотор хоёр настай охин хүртэл байсан нь харамсалтай. Өглөө нартай байж байгаад өдөр нь усархаг бороо орж байна. Долоо, найман сарыг хүмүүс амралтын үе гэж ярьдаг. Жижиг оврын машинтай хүмүүс их хөдөө гарч байна. Тиймээс ирэх есдүгээр сард ч мөн адил усархаг бороо орох тул өөрийн аюулгүй байдлаа хангаж, амь насаа хамгаалан, аялал зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.
Ж.Батсайхан