С.Анхолт: Монгол Улс дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж мөр зэрэгцэх талаар бодох хэрэгтэй

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-08-13 18:18:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн эдийн засагч, стратегич, бодлого судлаач, дэлхийн улс орнуудын нийтлэг байдал, үнэт зүйлс, үндэсний брэнд, стратегийн талаар сүүлийн 30 жил судалгаа хийж буй Саймон Анхолт манай улсад ирээд байх үеэр сэтгүүлчид  түүнтэй улс орны сайн имиж, Монгол Улсын гранд стратегийн талаар ярилцсан юм.
 
Улс орон өнгөц чанар, аминч үзэл гаргавал дутуугийн комплексийн дарангуйлалд орж буй хэрэг
 
Тэрээр, улс орны имиж (нүүр царай), нэр хүнд, үндэсний ижилслийн талаар хөндөхдөө, “Эдгээр нэр томъёоны дундах техникийн бяцхан зөрөөг эс тооцвол хоорондын ялгаа тун бага юм. Та бүхний сонирхон асууж буй Монгол Улсын нэр хүнд, нүүр царай, ижилсэл дэлхийд хэрхэн харагдаж үнэлж буй талаар хэлэхэд, ийм ойлголт болон үнэлгээг бараг ижил зүйл гэж ерөнхийд нь хэлж болно. Аливаа улс орон бусдад гоё сайхан харагдах гэж бодож, энэ талаар санаа зовох нь үнэндээ илүүц зүйл юм. Улс орон гэдэг хувь хүнтэй адил, иргэн хүн хувцаслалт болон гадаад төрхөөрөө бусдад ямар харагдаж буй бол гэдэг шиг улс орон ийм өнгөц чанар, аминч үзэл гаргавал дутуугийн комплексийн дарангуйлалд орж буй хэрэг. Үүн шиг муу зүйл улс онуудад үгүй бөгөөд ийм хий дэмий юманд санаа зовох огт шаардлагагүй. Ингэх юм бол тэр улс дэлхийн дэвжээн дээр тун аюултай тоглоомоор наадаж буйн дохио болохоос өөр юу ч биш бөгөөд ингэвэл асуудлын агуулгаа эсрэгээр гарган тавьж буй хэрэг болно. Зүй нь ингэхийн оронд тухайн улс өөрсдөө бусад улс орон, дэлхий нийтийн төлөө юу хийж чадах вэ, ямар хувь нэмрийг тодорхой ямар хэмжээгээр оруулж чадах гэдэг талаар бодож энэ талаар юм хийх нь чухал” гэдгийг онцолсон юм. Брэндийн талаар тэрээр өгүүлэхдээ, “Энэ бол их ярвигтай, барьцгүй утгатай үг, хүн бүр л өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг осолтой зүйл. 2005 онд миний гаргасан олон улсын “Nations brand” индексийн санаа нь улс орны брэндийг тухайн орны бараа, үйлчилгээтэй зэрэгцүүлж авч үзэхийг зорьсон бөгөөд 21-р зууны өнөөгийн манай даяаршлын эрин үед аливаа улсын оршихуй нь имижээс хамаарна. Бараа бүтээгдэхүүний зах зээлд үлдэж чадах эсэх нь хүртэл түүнээс шууд шалтгаалдаг. Өнөө цагт бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх, хүн ажилд авах, аль нэг улс руу аялж тухайн оронтой түншилж бизнес хийх нь тэдгээрийн, тэр улс орны, тухайн компанийн нүүр царай, нэр хүнд, нийтэд тогтсон ойлголт, нийгмийн бүлгүүдийн үзэл бодлоос шууд ихээхэн хамаардагийг би батлахыг хичээж энэхүү хамаарлыг “Nations brand” индексээр хэмжиж гаргахыг оролдсон. Энгийнээр хэлбэл энэ индекс нь олон нийтийн санаа бодлын олонлог буюу дэлхий нийт тухайн улсыг хэрхэн харж, ойлгож дүгнэж буйг илтгэсэн газрын зураг юм" гэж байв. 

Бид шинэ индексээрээ улс орнуудын талаарх бусдын санаа оноог биш, тэр орны бодит байдлыг хэмжиж гаргахыг зорьсон
 
Ноён Саймон Архольд цааш нь өгүүлэхдээ, "Дээрх индексээр 2005 оноос хойш бид жил бүр тасралтгүй дэлхийн 50 улс орон, 50 хотыг түүвэрлэн авч судалгаа санал асуулга авч хийж байгаа боловч 2014 оноос эхлэн дэлхийн улс орнуудыг эрэмблэх арай өөр хэмжүүрийг гаргаж ирэхийг хүссэн бөгөөд энэ шинэ хэмжүүр нь агуулга болон ач холбогдлын хувьд өмнөхөөсөө арай өөр, улс орнуудын талаарх бусдын санаа оноог биш, тэр орны бодит байдлыг хэмжиж гаргахыг зорьсон юм. Өөрөөр хэлбэл, улс орон бүр дэлхийн нэг хэсэг болж буйн хувьд нийт хүн төрөлхтөн, хөрш улс, бусад тивийн төлөө хийж буй үйл, оруулж буй хувь нэмрийг хэмжиж эхэлсэн. Үүнийгээ бид ”Good country” буюу “Сайн улсын индекс” гэж нэрлэсэн" гэв. Тодруулж хэлбэл, одоо улс орныг дэлхийн бусад улсуудтай харьцуулан эрэмбэлж, тухайн орны мэдээллийг НҮБ болон олон улсын байгууллагуудаас цуглуулан авч, бусад эх сурвалжийг ашиглан улмаар дэлхийн бүх улс орны бодит байдлын тайланг тэнцлийг гаргаж эхэлжээ. Үүний жишгээр Монгол Улсыг хэлбэл монголчууд “Чингис хаан” гэж өмнөх түүхээ давтахын оронд урагшаа ирээдүйгээ харж, өөрийн хилээс гадна бусад улсууд, дэлхийн хөгжлийн төлөө юу хийж чадах, ямар хувь нэмэр үзүүлж хөрш зэргэлдээ улс орнуудаас эхлээд бусадтай мөр зэрэгцэн явах вэ гэдэг нь чухал болоод байгааг илэрхийлсэн юм.

Тодруулга: Дэлхийн тэргүүлэх сэтгэгчдийн нэг гэдгээр Саймон Анхолтыг дэлхийн олон улс орон болон томоохон компаниуд урьж имиж, брэндийн талаар зөвлөгөө авдаг, 50 гаруй орны төрийн удирдлагуудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм. Дэлхийн улс орнуудын нийтлэг байдал, үнэт зүйлс, гранд стратегийн талаар сүүлийн 30 жил судалгаа хийсэн тэрээр улс орнуудыг эрэмбэлдэг “Nations brand”, “City brand”, ”Good country” индексийн эцэг гэгддэг байна.
Б.Болд
Холбоотой мэдээ