“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тусламжийн цуваа хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-08-09 14:48:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”ХК-иас Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэх тусламжийн цуваа хөдөлгөөд байна.
Долдугаар сарын эхнээс үргэлжилсэн 18 өдрийн борооны улмаас дээрх чиглэлийн замд 60 гаруй удаагийн давтамжтайгаар үер бууж 39 хэсэгт замын хөвөө эвдэрч, 3 хэсэг газарт замын асфальт цөмөрч их хэмжээний хохирол үүсээд байна. Үүний улмаас Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаанд хаагдаад байгаа юм. Цаг уурын урьдчилсан төлөв байдлаар ойрын өдрүүдэд дахин усархаг бороо орохоор мэдээтэй байна. Үерийн улмаас гурван уурхайн ачилт бүрэн зогсож, 130 гаруй АА-ийн 10 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна.
“Эрдэнэс-Тавантолгой”ХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан хөдөлгөөн зохицуулалтыг хийж, ажиллаж байгаа албан байгууллагууд, жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэхээр Цагаан Хад чиглэлд тусламжийн цуваа хөдөлгөөд байна. Гэрээт компаниуд, цагдаагийн тасаг, зам засвар, арчлалтын ААН болон замын зогсоолд олон хоног саатсан жолооч нарт энэ тусламжийг хүргэж байна.
Б.Болд
   
Холбоотой мэдээ