Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнт удирдлагын байртай болно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-07 18:27:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас шинээр тоноглож буй хөдөлгөөнт удирдлагын байранд зориулж тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн тайлбарласнаар өнгөрсөн жил Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын Ерөнхий газраас тус газарт  туулах чадвар сайтай ЗИЛ-131 машин олгожээ. Тус машинд тоног төхөөрөмж, бүхээг суурилуулж "Хөдөлгөөнт удирдлагын байр" болгон ашиглахаар ажиллаж байгаа аж. "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэргийн эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглөө.

"Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч Д.Болатбек хэлсэн үгэндээ: "Энэ бол зөвхөн Онцгой байдлын албан хаагчдад үзүүлж буй дэмжлэг биш, та бүхнээр дамжуулж иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хийж буй ажил юм. Манай байгууллага аймгийн Онцгой байдлын газар болон Онцгой байдлын ерөнхий газартай нягт хамтран ажилладаг. Онцгой байдлын салбарын хүчин чадлыг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч хөрөнгө оруулалт хийх болно" хэмээлээ.
.
Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болох "Өндөр уулын эрэн хайх, аврах баруун бүсийн сургалт"-ын үеэр тус хөдөлгөөнт удирдлагын байрыг ашиглалтад оруулах бөгөөд аливаа гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай, үр дүнтэй явуулах боломж олгоно гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ