"Цайны зам" хөтөлбөрийн анхны 400 жуулчин Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-27 14:05:56
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын хөтөлбөр ажил хэрэг болж, БНХАУ-ын 400 жуулчин өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Уг хөтөлбөрийн анхны жуулчдыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс Сүхбаатарын талбайд угтан авч Монгол оронд тавтай аялахыг хүсэв.

Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын хэлэлцээрийн хүрээнд энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол-Хятад-Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III уулзалтаар “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг эхлүүлж, жуулчдад аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн санал болгох ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой санал санаачлагыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд гурван улсын засгийн газар төрийн болон хувийн хэвшлийн аялал жуулчлалын байгууллагуудаа бодлогоор дэмжин,  хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх юм.  “Цайны зам” хөтөлбөрөөр 7, 8, 9-р саруудад манай улс сая гаруй жуулчин хүлээн авах бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буй ажээ.  

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Цайны зам 1728-1730 онуудад Хүрээгээр дайрч Европ руу гардаг томоохон гарц байсан. Цайны замын дагуу галт тэрэг, авто машин, нисэх онгоц зэрэг тээврийн бүх төрөл хөгжсөн учир олон зуун жилийн өмнөх уламжлалыг дахин сэргээх боломжтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын удирдлагууд манайд ихээр айлчилж, анхаарал хандуулснаар манайд аялах хятад жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Ирэх саруудад Монгол Улс “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын сая гаруй жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Хятад жуулчдын худалдан авах чадамж өндөр учир эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж итгэж байна” хэмээн онцлов.

"Цайны зам" хөтөлбөрийн анхны жуулчдын нэг “Монголд анх удаа ирж байна. Эрээн хотоос Улаанбаатар хүртэл галт тэргээр явахдаа Монголын өргөн уудам тал, сайхан байгалийг харан суусан. Монгол хоол мах ихтэй, ногоо багатай ч их амттай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

БНХАУ-ын жуулчид манай улсад хоёр хоног саатах хугацаандаа Улаанбаатар хоттой танилцаж, Тэрэлж, Цонжин болдог, Аглаг бүтээлийн хийд зэрэг дурсгалт газрыг үзэж сонирхох аж.
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ