Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-08 10:31:05

СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар НҮБ хэлэлцээ хийсээр байна гэж тус байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.

Умард Солонгост айлчлахаар төлөвлөж буй талаараа өнгөрсөн сард Бан Ги Мүн мэдэгдсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж магадгүй тул уг айлчлал ихээхэн анхаарал татаж байна.

“Яриа хэлцээ үргэлжилж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Умард Солонгост айлчлах эсэхийг шийдээгүй байгаа” гэж Сөүлд болсон НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлын үеэр зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ким Вон Су хэлсэн байна.

“Яриа хэлцээнд ахиц гарвал бид хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.

Хэрэв Бан Ги Мүн Умард Солонгост айлчлах шийдвэр гарвал, тэрбээр тус улсад айлчилсан НҮБ-ын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. 1979 онд Курт Вальдхайм, 1993 онд  Бутрос Бутрос-Гали нар Умард Солонгост айлчлахдаа нийслэл Пхеньян хотод тус улсыг үүсгэн байгуулсан удирдагч Ким Ир Сентэй уулзжээ.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ