Уралдаанч хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд морийг уралдааны замд гаргахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-26 14:53:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 наадмын хурдан морины бүртгэлийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна уралданч хүүхдийг мөн давхар бүртгүүлэх бөгөөд бүртгүүлээгүй, гэнэтийн ослын даатгалд хамруулаагүй тохиолдолд морийг уралдааны замд гаргахгүй.

Уралдаанч хүүхэд нь долоогоос дээш насны, хурдан морь унаж сурсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, эрүүл гэсэн эмчийн дүгнэлттэй, эцэг эхийн эхийн албан ёсны зөвшөөрөлтэй байх, гэнэтийн ослын даатгалд заавал хамрагдсан байх зэрэг шаардлагуудыг тавьж буй аж.
Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100000 мянган төгрөг. Харин хурдан морины хураамжийн тухайд монгол морь нэг нас нь 20 мянган төгрөг бол эрлийз морь нэг нас нь 80 мянган төгрөг юм байна.

“Уяачид морио маш сайн бүртгүүлж байна. Хоёр том наадам гэдэг утгаараа газар газрын хурдан хүлгүүд зорин ирсэн нь харагдаж байна. Уяачид маань өмнө нь мэдээллээ бүрэн гүйцэт авсан учир ямар нэг хэл ам, маргаан үүсэх асуудал одоогоор алга. Монгол, эрлийз моридын хураамжийг хоёр өөр түвшинд тогтоосонд уяачид ам сайтай байгаа. Мөн уралдааны үеэрх хяналтаа сайн тавихыг их анхааруулж, захиж байна.” гэж хурдан морины зомиссын гишүүд ярилаа.

Наадмын эхний өдөр буюу 07 дугаар сарын 27-нд эрлийз гурван насны уралдаан болох бол 28-ны өглөө 07 цагаас монгол моридын уралдаан эхэлнэ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ