Трамп, Путин хоёр нефтийн зах зээлийг хянах бодолтой байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-07-20 11:49:42
Даваа гарагт Хельсинки хотод болсон АНУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцсан эдийн засгийн холбогдолтой нэгэн чухал асуудлын талаар Германы “Франкфурт Альгемайне Цайтунг” сонины тоймч Кристиан Зиденбидель (Christian Siedenbiedel)-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.  
 
Д.Трамп, В.Путин нарын уулзалт нь газрын тосны үнэ цаашид буурахад хүргэлээ. Саяхан гэхэд Хойд тэнгисийн Брент маркийн нефтийн үнэ 80 долларт хүрч байсан бол одоо дахиад 70 доллар орчимд эргэлдэж байна. Хельсинкийн уулзалт болсон даваа гарагт гэхэд үнэ 4-өөс илүү хувиар унажээ. Уулзалтын үеэр Путин мэдэгдэхдээ “АНУ, ОХУ хоёр бол газрын тос, хийн салбар дахь нөлөө бүхий чухал гүрнүүд бөгөөд цаашдаа дэлхийн эрчим хүчний зах зээлүүдийг зохицуулах тал дээр илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.

Путиний хэлсэн үг нефтийн зах зээлд нөлөөлсөн нь илт, гэхдээ энд хэд хэдэн асуулт урган гарч байна. Нефтийн зах зээл дэх Орос-Америкийн нягт хамтын ажиллагаа нь хэр бодитой зүйл вэ? Хоёр улсын нэгдмэл ашиг сонирхол нь чухам юунд орших вэ? Газрын тосны үнэд нөлөөлөх боломж Орос, Америк хоёрт хэр зэрэг байгаа вэ?

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путин нэгдмэл ашиг сонирхлын талаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хэлснээр, хэт өндөр эсвэл хэт хямд үнэ нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэх боломжгүй аж. Нэг талаас, хэт доогуур үнэ нь үйлдвэрлэгчдэд ашиггүй, нөгөө талаас хэт өндөр үнэ нь хэрэглэгчдэд таалагдахгүй.

Амралтын улирлын үеэрх бензиний үнийн өсөлт  

“Хессен-Тюринген/Хелаба” (Hessen-Thüringen/Helaba) банкны газрын тосны шинжээч Хенрих Петерс үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна: Трампын хувьд удахгүй Конгрессын сонгууль болно. Мөн Америкт ээлжийн амралтын улирал эхэлнэ. Амралтын үеэр бензиний үнэ өндөр байна гэдгийг америкчууд огтхон ч ойлгохгүй. Энэ нь тэдний хувьд тоглоом шоглоомоор хандаж болдоггүй цөөхөн хэдэн зүйлийн нэг юм. Нефтийн үнэ 80 доллароос давах нь тэртэй тэргүй сонгуулийн булхай зэрэг олон асуудалд ороогдоод буй Трампын хувьд хүсүүштэй зүйл биш ээ. 

Тэрбээр твиттер хуудсандаа “нефтийн үнэ дэндүү өндөр байгаагийн хариуцлагыг ОПЕК хүлээх ёстой” хэмээн хэдэнтээ жиргэж байсан билээ. Мөн Саудын Аравийг сүрдүүлсэн нь ч талаар өнгөрсөнгүй. Олборлолтыг хязгаарлах тухай ОПЕК-ийн хэлэлцээрийг сахин биелүүлж буй үзүүлэлт Саудын Аравийн хувьд сүүлийн үед 122 хувиас 30 хувь болтлоо буурчээ. Үүний сацуу тус улс Азийн зах зээлд харьцангуй хямд үнээр газрын тосоо санал болгох нь олширлоо.     

Харин АНУ-ын хувьд онцгой байдлын үед хэрэглэх нефтийн нөөцөө ашиглан үнэд нөлөөлөх боломжийг үгүйсгэхгүй байна. Нефтийн салбарт Оростой хамтран ажиллах гэсэн эрмэлзэл нь ойрын хугацаанд ийм сэдэлтэй байж болох юм.

Харин Путиний хувьд иргэдийн дунд өөрийн имижийг бэхжүүлэх сонирхолтой байгаа гэж Петерс дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, нефтийн үнэ хэт өндөр хэвээр байх аваас энэ нь Оросын эдийн засгийн бүтцэд /коньюнктур/ сөргөөр нөлөөлж магадгүй. Иймээс нефтийн үнийг 80 доллароос дээш байлгахыг Путин хүсэхгүй гэж шинжээч ярьж байна. Тэр тусмаа Орос, Америкийн олборлогчдын хувьд үнэ 70 доллар орчимд байх нь хангалттай байгаа үед шүү дээ.

Оросын компаниуд Иранд

“Зорилго нь нефтийн үнэд дарамт үзүүлэхэд л оршино” гэж Хамбургийн “Нордбанк”-ны шинжээч Ян Эдельман дүгнэж байна. Түүний үзэж байгаагаар, Орос улс маш богино хугацаанд олборлолтоо нэмэгдүүлэх бодит боломжтой байгаа нь Трампын хүсэл сонирхолд нийцэж буй аж. Орос дахь нефтийн ордуудын ашиглагдаагүй сул байгаа хүчин чадал нь өдөрт ойролцоогоор 440 мянган баррель гэж “Нордбанк” тооцсон бол “Helaba” банкны үнэлгээгээр хагас сая баррельд хүрэх аж. Иймээс тус улс ямар ч асуудалгүйгээр олборлолтоо нэмэгдүүлж чадна. Түүнээс гадна, газрын тосны ордуудыг шинээр нээн ашиглах төлөвлөгөө оросуудад бий.  ОПЕК-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Оросын тал олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан билээ.
 
Харин маргаан үүсгэж болзошгүй цорын ганц асуудал гэвэл Ираныг яах вэ гэдэгт байгаа юм. 11 дүгээр сарын сүүлч гэхэд Иранаас нефть импортлохоо зогсооно гэж Трамп мэдэгдэж байхад Оросын нефтийн компаниуд Иранд хөрөнгө оруулсаар байна.

Өвөрмөц маягийн толгой картель

Путин, Трамп хоёрын хэлсэн үг ажил хэрэг болох уу гэдэг нь сонирхолтой. Хэрвээ эдгээр үгс нь Трампын бодолд орж ирсэн “агаарт сальто эргэх” маягийн зүйл, өөрөөр хэлбэл маргааш өдөр гэхэд эрс өөрчлөгдөх зүйл байвал яах вэ? Хөрөнгө оруулалтын “Голдман Сакс” банкны таамагласнаар, нефтийн үнэ 80 долларт эргэлдэх бололтой. Харин Дэмиен Курвалин-ы (Damien Courvalin) ойрын хүрээний шинжээчдийн хамгийн сүүлд гаргасан нефтийн зах зээлийн талаарх таамаглалд дурдсаныг үзвэл, оны сүүлчээр нефтийн үнэ ийм түвшинд хүрэх аж. “Голдман Сакс”-ын мэргэжилтнүүдийн хувьд 7 дугаар сард газрын тосны үнэ хамгийн дээд түвшиндээ хүрнэ гэж төсөөлсөн хэвээр байна.    

Нефтийн асуудлаар Трамп, Путин хоёр гэнэт нэгдмэл санаатай болсны цаана удаан хугацааны стратегийн бодлого нуугдаж байж болзошгүй. Шинжээч Петерс-ийн үзэж байгаагаар, АНУ,ОХУ, Саудын Арави гэсэн гурван улсын хооронд шинээр маш хүчирхэг стратегийн холбоо үүсч магадгүй байгаа нь бодитой зүйл гэнэ.  

Энэ нь “ОПЕК-ийн толгой дээгүүр даван гарч”, нефтийн зах зээлийг зохицуулах зорилго бүхий толгой картель маягийн зүйл бий болно гэсэн үг юм. АНУ нефть импортлогчоос нефть экспортлогч болон хувирсан тэр цагаас хойш тус улсын ашиг сонирхол өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор америкчууд Орос, Саудын Арави хоёртой ашиг сонирхлоо уялдуулан зохицуулах нь логикийн хувьд зөв гэж Петерс үзэж байна. Энэ тохиолдолд Хятад, Энэтхэг болон Европ нь энэхүү суперкартелиас их бага ямар нэгэн хэмжээгээр хамааралтай болно.
 
Орчуулсан: Б.Адъяахүү
 
Эх сурвалж: https://inosmi.ru/economic/20180719/242777695.html
Нийтлэлийн эх: Trump und Putin wollen den Ölmarkt kontrollieren
Холбоотой мэдээ