"Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-18 15:46:41
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, тэдний алдар, гавъяат үйлсийг дурсан санах зорилгоор "Бид мартахгүй" өдөрлөгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн байгууллагын буурал түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, мөр зэрэгцэн алхаж яваа мэргэжил нэгтэй журмын нөхөд нь алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санаж, эл хүндэтгэлтэй үйл ажиллагаанд оролцож байгаа тэдний гэр бүл, үр хүүхдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлжээ. Тус өдөрлөгт албан үүргээ гүйцэтгэх үедээ өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж төр, түмэн олныхоо төлөө амь эрсэдсэн баатруудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг урин оролцуулсан аж. Тухайлбал цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбаа агсаны гэргий Б.Батмөнх, хүү Б.Азжаргал, охин цагдаагийн ахмад Б.Жавзанхорлоо, Б.Оюунгэрэл, хүргэн хүү Б.Шагдарсүрэн, Б.Цогжаргал, мөн Орхонтуул суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллах үедээ хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн амь үрэгдсэн цагдаагийн ахмад Д.Батбаяр агсаны гэргий О.Мөнхцэцэг, түүний таван настай хүү Б.Хангайбаатар нарт Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж, амь үрэгдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг санан дурссан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ