“Өнгөт өдөр” өдөрлөг өвчтөнүүдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-07-16 17:28:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар "Өнгөт өдөр" нэртэй урлагаар анагаах өдөрлөг өнөөдөр ХСҮТ-д боллоо.

Урлагийн сэтгэл заслыг ашиглан эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах зорилгоор зураг зурах өдөрлөгийг анх 2014 онд манайд зохион байгуулж байжээ.
“Монгол эм импекс”, “Капитал банк”-ны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн арт терапист нар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа эмч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд гээд нийт 150 орчим хүнийг сургалтад хамруулах юм. Өдөрлөгийн эхний өдөр 35 хүн хамрагдсан бөгөөд урлагаар дамжуулан сэтгэлийн амар амгаланг олон, бухимдлаа гадагшлуулахад өдөрлөгийн гол зорилго оршиж байна.
“Өнгөт өдөр” хэмээсэн нь эмийн бус, уран зургийн аргаар эмчлүүлэгчид өвчнөө ялан дийлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон ажээ.
Арт терапи нь гаднын улс оронд ихээхэн дэлгэрсэн эмчилгээний чанарыг дээшлүүлдэг арга юм. Зөвхөн эм уулгахаас илүү өвчтөний сэтгэл зүйг тогтвортой байлгах, тэвчээрт нь дэм болох үүднээс зураг зуруулж, будуулдаг байна. Эмнэлгийн орчинд уран зураг байрлуулснаар өвчний эдгэрэх явцыг хурдасгадаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Зураач, урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга, “Сүүлийн жилүүдэд гаднын улс орны эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад урлагийн төрлүүдийг ашиглах болсон. Урлаг нь  өвчтөнүүдэд бусдад үгээр илэрхийлэн ярьж чадахгүй өөрийн дотоод ертөнцийг ойлгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог гэдгээрээ ихээхэн давуу талтай. Олон улсад төрөл бүрийн урлагийн илэрхийлэл болсон урлан бүтээх үйл ажиллагааг сэтгэлзүйн эмчилгээ дэмжлэг хэлбэрээр ашиглахыг арт  терапи буюу эмгүй эмчилгээ хэмээн нэрлэдэг” хэмээн тодотгов.

Ж.Болор

Холбоотой мэдээ