Монгол оюутнууд Энэтхэгийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-12-07 14:13:25

Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа /ITEC/ хөтөлбөрийн дэмжлэгээр Стандарт, чанарын хэмжилтийн 48 дахь удаагийн сургалтад  Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн ажилтан Б.Алтанзул, “Монос” корпорацийн Эм судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Баяраа нар амжилттай суралцаж, энэ сарын 3-нд төгсөлтийн баяраа тэмдэглэв.

Манай залуус  мэргэжлийн сургалтын зэрэгцээ Энэтхэгийн түүх дурсгалт  газруудаар зочилж, тус улсын  соёл, зан заншилтай танилцан,  хөтөлбөрт хамрагдсан 18 орны үе тэнгийн залуустай нөхөрлөж, туршлага хуваалцсан байна.

ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын мэргэжилтэн, боловсон хүчнийг давтан сургах урт, богино  хугацааны хөтөлбөр бөгөөд Монгол Улстай 21 дэх жилдээ хамтран ажиллаж жилд манай 200 орчим мэргэжилтэн хөтөлбөрт хамрагдан мэдлэг мэргэшлээ дээшлүүлж байна.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр БНЭУ-ын Засгийн газар тэтгэлгийнхээ хэмжээг өсгөж Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэгээр  суралцагчдын тоог 150-200 болгон нэмэгдүүлсэн.

Энэтхэгийн  Соёлын харилцааны зөвлөл ICCR-ийн дэмжлэгээр их, дээд сургуульд жил бүр 50 орчим Монгол оюутан элсэн суралцдаг бөгөөд 2016 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах оюутан залуусыг Улаанбаатар дахь  Энэтхэгийн ЭСЯ, БСШУЯ удахгүй тодруулах юм.

Холбоотой мэдээ