М.Каменский:Байгальд ээлтэй машинаар явж байгаа учир “Ул мөр үлдээхгүй аялал” гэж нэрлэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-06 12:46:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан машинаар анх удаа ОХУ-аас Латви, Литва, Монгол, БНХАУ, БНСУ-аар дамжин Япон хүртэл 7 орноор 40 мянган км аялж яваа Польшийн аялагч, туйл судлаач Марек Каменский Монголд ирээд байна.
Түүний аялал автомашинтай хийдэг бусад аяллаас өөрийн гэсэн 2-3 онцлогтой. Нэгд, цахилгаан машинаар аялж буй эко аялал юм. Дээр нь зардал багатай аялал. Мөн цахилгаан машиныг анх удаагаа холын замд туршиж буй гээд давуу тал, ач холбогдол нэлээд байгаа талаар тэрээр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал дээр тодотгож байв. Тэрээр нь өмнө нь нэг бус удаа Хойд, Өмнөд туйлд очиж судалгаа хийж байсан хүн юм.
-Цахилгаан машинаар аялахад ямар давуу тал болон бэрхшээл гарч байна вэ? Жишээ нь цэнэглэлтээ яаж хийж байна, нэг цэнэглэлтээр хичнээн км замыг туулдаг вэ?
-Бэрхшээл гэхээс илүү давуу тал их гарч байна. Европт цахилгаан цэнэглэлтийн станцууд их болсон. Танай улсад ч байгуулж байна. Тиймээс энэ тал дээр санаа зовох юмгүй аялж байна. Цэнэглэх станц байхгүй газар зочид буудал юм уу энгийн өрөөнөөс тусгай холбогчоор машинаа цэнэглэдэг. Нэг удаагийн цэнэглэлтээр 300 км явдаг. Өчигдөр Монголд орж ирээд Улаанбаатар нэлээд дөхөж ирсэн байхад машинд маань 20 км явах цахилгаан үлдсэн байсныг өглөө зочид буудалдаа цэнэглэсэн, одоо БНХАУ-ын хил хүртэл 600 км явах боломжтой. Цахилгаан машиныг ердийн залгуурт залгаж цэнэглэхэд 10-15 цаг ордог. Харин зориулалтын цэнэглэх станцид нэг цаг цэнэглэдэг. Хүч чадал сайн, бусад автомашинаас дутах юмгүй, цагт 160 км/цаг хурдалдаг. Бусад машинтай адилхан боловч байгальд учруулах хор хөнөөл багатай. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлын 70 хувийг автомашины хорт хий эзэлж байна. Тиймээс цахилгаан машин бол дэлхийн ирээдүй юм.

-Таны аяллыг “Ниссан моторс” компани ивээн тэтгэж хариуцаж байгаа гэсэн?
-Тиймээ, тэгж хэлж болно. Гэхдээ бүх зардлыг биш, зөвхөн машиныг 2 жилийн хугацаагаар өгсөн. Тиймээс энэ хугацаанд ирэх хоёрдугаар сард хасах 40 хэмийн хүйтэн газраар явахаар төлөвлөж байна. Бусад зардлаа би өөрөө гаргаж яваа. Аяллын маань зорилго байгаль орчинд ээлтэй цахилгаан  машинаар явж байгаад оршино. Хог, утаа гаргахгүй. Тиймээс би аяллаа “Ул мөр үлдээхгүй аялал” гэж нэрлэсэн. Дэлхийн олон улс оронд нэвтэрч эхлээд буй цахилгаан машиныг одоохондоо хүмүүс хот дотор л унадаг гэсэн ойлголттой байгааг нэг ёсондоо эвдэхийг хичээж холын аялалд гарсан юм. Нөгөө талаар байгаль дэлхийгээ танин мэдэж хайрлан хамгаалах зорилгоор судалгаа хийж яваа. Хүн байгаль хоёр бие биенээсээ шууд хамааралтай гэдгийг ойлгуулах явдал чухал байдаг.
-Туйл судлаач хүний та өмнөд, хойд туйлд очиход дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай нөлөөлөл хэр мэдрэгдэж байв?
-Мөсний хэмжээ зузаан биш, нимгэрсэн юм шиг харагдаж мэдэрсэн шүү. Зөвхөн туйл гэлтгүй. Дэлхийн бусад бүс нутагт өндөр уулын цас нимгэрч байна. Би Европын “Ирээдүйг судлах хүрээлэн”-тэй хамтарч ажилладаг. Энэ байгууллага нь хог хаягдлын асуудлаар нэлээн судалгаа сайн явуулдаг байгууллага. Манай Польшид ийм хүрээлэн бас бий.
-Монгол орны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу? Та ганцаараа аялдаг уу?
-Их сайхан орон байна. Тал хээр, хангай хосолсон өргөн талыг анх удаагаа харж байна. Харин Монголын замаар цахилгаан машинаар явахад амар биш байна. Өнөөдөртөө би аяллынхаа арван мянган км замыг туулсан. Монголоор явахад асуудалтай нэг зүйл нь зам тэгш бус, их нүхтэй юм. Би ер нь 14-тэй байхаас ганцаараа аялж сурсан. Жаахан айдастай байдаг ч гоё байдаг. Энэ тал дээр манай гэр бүлийнхэн тийм ч сайнаар хүлээж авдаггүй. Иймээс хүүхдүүд маань Солонгост очиход тосч аваад, хамт аялах төлөвлөгөөтэй байгаа.
 Б.Болд
 
 
Холбоотой мэдээ