Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн хохирлыг арилгах 7 доллартай тэнцдэг

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-07-05 15:15:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад гурав дахь өдрөө чуулж буй Азийн Сайд нарын Бага хурлын салбар хуралдаанаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн талаар оролцогч тал улс орнуудын авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар сонссон юм.
Энэ талаар ОБЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан хурандаа Ч.Ариунаагаас тодрууллаа.

-Гамшгийн эрсдлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт биелэлт улс орнуудад хэдэн хувьтай явж байна вэ?
-“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдлаад дөнгөж 3 жил болж байгаа учир хэрэгжилтийг дүгнэх нь арай эрт гэдгийг оролцогч талууд хэлэлцлээ. Юу гэвэл “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг нь 2015-2030 он гэсэн 15 жилийн урт хугацаанд хэрэгжих бичиг баримт юм. Гэхдээ улс орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн замын зургийг хоёр хоёр жилээр гаргаад явж байна. 2015-2018 оны буюу эхний хоёр жилийн байдлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх орон нутгийн төлөвлөгөөг улс орнууд хийж байна уу гэдгийн биелэлтэд мониторинг дүн шинжилгээ хийж байгаа юм. Энэ механизмаар дүгнэх юм бол улс орнууд нэлээн зүйл хийж хэрэгжүүлж амжуулсан ахиц байна.
-Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хөрөнгө гаргаж чадвал, гамшгийн дараах хохирол бага байдаг. Өөрийн орны жишээгээр авч үзвэл манайд гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулах хөрөнгө, санхүүжилт учир дутагдалтай байх шиг санагддаг. Энэ тал дээр Бага хурлаар нааштай ямар санаа оноо гарч байна?
-Статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 7 ам.доллартай тэнцдэг гэдэг. Дэлхийн нийтэд 2015 оноос эхлээд гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны чиглэл нэлээд өөрчлөгдсөн байгаа. Урьд нь гамшгийн менежмент буюу гамшгийн удирдлагын чиглэл зорилго аливаа гамшиг, осол болсны дараа хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд анхаарч байсан бол 2015 оноос Гамшгийн эрсдлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдснаар улс орнууд ерөнхийдөө гамшиг, осол аюулд урьдчилан угтаж бэлтгэх ёстой юм байна, гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг татан суулгах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа.
“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг нь үндсэн 4 тэргүүлэх чиглэлтэйгээс 3-рт нь “Гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгайд нь зааж өгсөн юм. НҮБ-ын гишүүн, дэлхийн 187 улс орон “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа учир эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулах амлалтаа биелүүлэх ёстой болж байгаа. Жишээ нь, сүүлийн жилүүдэд улс орнуудад өрнөөд буй “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” кампанит ажлын хүрээнд төр-хувийн хэвшил хамтраад хүн ам ихээр төвлөрөх болсон өнөө цагт хот суурин газраа илүү аюулгүй, гамшигт тэсвэрэй байлгах тал дээр хөрөнгө оруулалт хийж байна. Энэ талаар Энэтхэгт болсон Сайд нарын өмнөх хурал дээр ч хөндөн ярьж ирсэн. “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдсанаас хойш Шинэ Дели хотноо 2016 онд зохион байгуулсан анхны хурал дээр Энэтхэгийн Засгийн газар юу ярьж, ямар бодлого барьж байсан гэхээр гамшгийн эрсдлийг бууруулахад нэгд, хөрөнгө оруулалтад анхаарах, хоёрт, энд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж чадавхийг сайжруулья гэж ярьж, хөндөж байсан сэдвийн асуудал өнөөдөр ч хэвээрээ, Улаанбаатарт ярьж байна.
Б.Болд
Холбоотой мэдээ