Гамшгийн эрсдлийг бууруулах даяаршлын сэдвээр Монголд анх удаа чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-03 18:46:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, мөн тооны дэд сайдын өндөр хэмжээний төлөөлөгчид болон нийт 50 гаруй орны 3500 зочид оролцсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын Хоёрдугаар бага хурал манай улсад өнөөдөр “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.
 
Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” цоглог аялгуун дор эхэлсэн олон улсын нэр хүнд бүхий Бага хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэхдээ, юуны өмнө энэ удаагийн Бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар болон хамтран ажилласан улс орнууд, олон улсын байгуулллагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлээд, “НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Японы Сендай хотноо хуралдаж, гамшгийн эрсдлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баталснаас хойш 3 жил болж байна. Мөн Азийн улс орнуудын сайд нар Энэтхэг улсын Нью-Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө болон “Шинэ Делигийн тунхаглал”-ыг баталснаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Энэ удаагийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.
Дэлхийн улс орнууд гамшгийн эрсдлийг бууруулахад илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэн байгуулахын чухлыг онцлон үзэх болж буй өнөөгийн нийгмийн энэ цаг дор 3 өдөр чуулах энэ удаагийн Бага хурлын салбар хуралдаануудаар улс орон бүр гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратеги болон төлөвлөгөөтэй болох, эрсдлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан гамшигт тэсвэртэй нийгмийн дэд бүтцийг бий болгох, жендерийн мэдрэмжтэй нийгмийн эмзэг буюу зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагыг хангасан гамшгаас хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, тэдний оролцоо манлайллыг хангах, Төр-хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийг дэмжих, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр улс орнуудын туршлага, ололт амжилтаа харилцан солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан техник, технологийн дэвшил, инновацийн хэрэглээг гамшгийн эрсдлийг бууруулахад нэвтрүүлэн ашиглаж байгаатай танилцана. Энэ үүднээс 51 байгууллага оролцох танилцуулах үзэсгэлэн нээж, 47 илтгэгч өөрийн үйл ажиллагаагаа танилцуулах индэр  бэлэн болоод байна” гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бага хуралд илгээсэн мэндчилгээндээ өнгөрсөн хугацаанд Ази Номхон далайн бүсийн улс орнууд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллаж байгаа нь дэлхийн бусад бүс нутгийн улс орон, дэлхийн хэмжээнд үлгэр дуурайлал болно гэдгийг  онцолсон юм.
 
Түүний дараа хурлын нээлтийн гол илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавив. Тэрбээр  “Миний бие Гамшгийн аюулыг бууруулах Дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцан, Монгол Улсын Засгийн газарт 3 удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах явдал гэдгийг маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн хүмүүсийн зовлонг хамт хуваалцаж, тэдний зовлон бэрхшээлийг даван туулах асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаан, эр зоригоос эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж туршлага хуримтлуулсан. Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын манлайлагч Төрийн түшээ болон Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр дараах саналыг дэвшүүлж байна гээд Нэгдүгээрт, Улс орон, холбогдох бүх талуудад хүртээмжтэй Гамшгийн эрсдлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгох хэрэгтэйг онцлоод ингэж чадвал бид бүх нийтээрээ гамшгийн эрсдлийн талаар ойлголтын зөрүүгүй үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм гэв. Хоёрдугаарт, Гамшгийн эрсдлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг хэлэв.  Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно гэв. Гуравдугаарт, ХАА-н салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдлийг бууруулах бодлогыг дэмжих явдал гээд, Ази, Номхон далайн бүсэд 2 тэрбум гаруй хүний амьдрал ахуй зөвхөн ХАА-н салбараас хамааралтай байна. Уур амьсгалын өөрчлөлт нь
ХАА-д учрах гамшгийн эрсдлийг бий болгож буй нэг хүчин зүйл гэж үзэж тухайн бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт учрах эрсдлийн үндсэн шинж чанарт гарч буй өөрчлөлтийг бүрэн дүүрэн танин мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой авч чадахгүй байгаатай холбоотойгоор энэ салбарт гамшгийн эрсдлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэж байна. Иймд улс орнууд ХАА-н салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон  бүр өөрсдийн газар нутагтаа олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулж ирсэн байдаг. Иймд гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагаар баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлэх хэрэгтэй байна гэв. Дөрөвдүгээрт, Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлэх. Ази тив нь эрчимтэй хотжиж,  томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт олноор явагдаж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх үүднээс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдлийн мэдээллийг ашиглахын зэрэгцээ хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдлийг тооцсон хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна гэв. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах үндсэн асуудал гэдгийг онцгой анхаарах хэрэгтэйг чухалчилсан юм. Тавдугаарт, Бизнесийн байгууллагуудын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих нь Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн ДНБ-ийн тэн хагасыг үйлдвэрлэж, энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймээс ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, гамшгийн эрсдлийн удирдлагын бизнесийн загварыг өөрийн онцлогийг харгалзан үйл ажиллагаандаа тусгаж байгууллагын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлага тулгарч байна. 2011 онд болсон Зүүн Японы газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм гэв. Зургаадугаарт, Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь чухал байна гээд, “Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм механизм нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил бусад холбогдох талуудын гамшгийн эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэсэн юм.
Бага хуралд оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори хэлэхдээ,  Олон улсын Бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зочломтгой ард иргэдэд талархал дэвшүүлье, Энэ удаагийн хурал гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг 2015 онд баталснаас хойш 2 дахь удаагаа зохион байгуулж буйг онцлоод, ган, зудад нэрвэгддэг Монгол орны байгаль цаг уурын нөхцөл байдалд Монгол Улс өөрийн манлайллын хувьд ч гамшигт хамгийн их нэрвэгддэг бүс нутгийн хувьд ч гамшгийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас ард иргэдээ хамгаалах сорилтыг даван туулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг харуулж байна гэв.

Бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр 10 настай З.Маралгоо охин Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын хүүхэд залуучуудыг төлөөлөн хуралд оролцогч төлөөлөгчдөд хандан, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг. Би Улаанбаатар хотод сурдаг. Энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхдүүдийг төлөөлж үг хэлэхээр ирлээ. Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг телевизээр үзэхэд надад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг. Манай оронд болдог “зуд гэдэг өөрийн онцлог бүхий байгалийн гамшгийн үеэр цаг агаар тэсгим хүйтэн болж, ан амьтад хөдөлж чадахгүй болтлоо хөлддөг. Гамшиг тохиолдсон үед өөрсдөдөө тусалж чадахгүй байгаа хүмүүсийг хараад надад үнэхээр харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг.
Манай хотод газар хөдлөлт болсон тохиолдолд яах ёстой талаар сургуулиас бидэнд зааж өгдөг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед барилгаас болгоомжтой түргэн, шуурхай гарах сургуулилтыг хийдэг. Мөн хэрвээ найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч зааж өгдөг.
Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг та, би, бид бүгд мэддэг байх ёстой гэдэгтэй надтай санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ шалтгааны улмаас өнөөдөр миний төрөлх хот болох Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган ах, эгч нар цугларч байгааг би харж байна. Чин сэтгэлээсээ би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуустай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна. Баярлалаа!” хэмээн хэлэхэд хурлын төлөөлөгчид алга ташин хүлээн авсан юм.
 Б.Болд
 
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ