Гадаадад сургууль төгсөгчид нэгдэж Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл" ТББ-тай хамтран “Монгол оюуныг Монголын төлөө” уриатай “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр Шангрила зочид буудалд болж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд болж буй чуулга уулзалтад гадаадад сурч боловсрол эзэмшсэн залуучууд болон одоо сурч байгаа оюутан залуучуудад нээлттэй үйл ажиллагаа болж байна. Тус үйл ажиллагааны үеэр ажлын байрны нээлттэй өдөрлөгт зохиож байгаа бөгөөд залуучуудыг энд хүрэлцэн ирэхийг Зохион байгуулагчдаас урьж байгаа юм.
Чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлэхийн зэрэгцээ “Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих юм.
Энэхүү үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үүнд: Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,
-Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
-Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг шаардлагатай төрийн болон хувийн хэвшлийн салбарт гарч ирэх ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,
-Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах, шаардлагатай боловсон хүчнээр хангаж дэмжлэг үзүүлэх,
-Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн баазыг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх юм.
Д.Өлзий