С.Амарсайхан: Аудитын газрын дүгнэлт тааруу гарч байгаа нь мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай холбоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-28 19:20:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2017 оны нийслэл, дүүргийн санхүүгийн тайлангийн аудитын дүнг Нийслэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхбаатар танилцуулсан юм.
 
Тэрээр, өнгөрсөн онд нийт 209 санхүүгийн тайланд санал дүгнэлт хийснийг мэдээлээд, тэдгээрийн 145 нь зөрчилгүй, 60 хязгаарлалттай санал дүгнэлт байсан бол 4-т нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэсэн хариу гарчээ. Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд залруулагдсан 58.0 тэрбум, залруулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарчээ. Улсын төсвийн нийт байгууллагаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэл зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харъяаллын бус этгээдэд санхүүгийн дэмжлэг олгосон, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зэрэг зөрчил илэрчээ. Цаашдаа Нийслэлийн аудитын газар нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, дээд байгууллага, төсвийн захирагчид болон санхүүгийн албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан нарыг чадавхжуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Аудитын газрын дүгнэлт тааруу гарч буй нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлагагүйг харуулж байна. Тийм учраас энэ чиглэлээр холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авсан талаар Нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэх хэрэгтэй. Ингэснээр ирэх онд нийслэлийн харъяа шат шатны байгууллагуудын санхүүгийн сахилга батыг дээшлүүлнэ. Энэ санхүүгийн асуудал үнэхээр задгай явж байгаа. Тиймээс санхүүгийн алдаа дутагдал гарахаас урьчдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх, шаардлагтай бол зарим зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өгөв.



 
 
 
Холбоотой мэдээ