Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийг 18.9 тэрбум төгрөгөөр тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-28 15:04:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийг 18.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Төсвийн байнгын хорооны 2018 оны 03 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагын 2019 оны аудитын чиглэлийг тогтоожээ. Үүний дагуу ирэх онд 4140 санхүүгийн, 212 гүйцэтгэлийн, 168 нийцлийн аудит хийх зардлыг оролцуулан тооцсон гэдгийг Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр, "2019 оны төсвийн төсөл урьд оныхоос 7.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд 2017-2018 онд түр зогсоосон аудитын  албан хаагчдын үр дүнгийн урамшууллыг ирэх жил бүтэн олгох болсон, тэтгэвэрт гарч буй албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийн зардал зэрэг голлон нөлөөлсөн" гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгахаар тогтлоо.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ