Бүтээлч Баянхонгорчууд "Эко Монгол" үзэсгэлэнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-25 21:52:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, GIZ-ийн ЭТИС хөтөлбөр хамтран зарласан "Бүтээлч Баянхонгор" гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдааны дүнгээ гаргалаа.
Аймгийн хэмжээнд гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжоор хангахад чиглэсэн тус уралдаанд 27 оролцогч, 100 шахам бүтээл ирүүлжээ. Уралдааныг 45 хоногийн хугацаанд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргахдаа мод, чулуу, эсгий, металл эдлэл гэсэн төрлөөр аваргуудыг шалгаруулав.
Уралдааны Эсгий урлалын төрөлд нэг, хоёрдугаар байрыг Хонгорын сор хоршооны дарга Ц.Надмид "Даллаганы уут" болон "Гацуур модны чимэглэл" бүтээлээр,  гуравдугаар байрт Өлзий дүүрэн баялаг хоршооны дарга С.Цэцгээ "Бичигт хадны сүг зураг" бүтээлээр шалгарчээ. Харин Модон урлалын төрөлд "Модоор сийлсэн бух" бүтээлээр Х.Баянмөнх /Хонгорын Эрдэнэс Баялаг ХХК-ны захирал/ тэргүүлсэн бол "Цацлын халбага" бүтээлээр Р.Пүрэвсүрэн, "Таван хошуу малын сийлбэр" бүтээлээр Д.Лхагваа нар удаалсан байна. Чулуун урлалаар Хонгорын Эрдэнэс Баялаг ХХК-ны захирал Х.Баянмөнх "Чулуугаар урласан тэмээ", "Чулуугаар урласан мазаалай" бүтээлүүдээрээ эхний байрт, "Элсэн уул бүхий зураг" бүтээлээр н.Сарантунгалаг гуарвдугаар байрт шалгарчээ.
Шалгарсан бүтээлүүдийг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд, Жендэр ба хөгжил” олон улсын хурлын үеэр танилцуулагдах “Эко Монгол” гар урлалын үзэсгэлэнд дэлгэж, олны хүртээл болгох юм байна.
                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ