Хилийн боомтуудад цацрагийн хяналт хийлээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2015-12-04 18:04:17

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 09-ний хооронд хилийн боомтуудын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. 

Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг хууль бусаар зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтад Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Ханх, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Арцсуурь, Боршоо, Цагааннуур, Булган, Гашуунсухайт гэсэн 13 боомт хамрагдсан байна.

Энэ онд хилийн боомтуудын цацрагийн хяналтын 73 тоног төхөөрөмжид 60 төрлийн эвдрэл, гэмтэл гарсныг илрүүлж, 48-ыг нь газар дээр нь засварлан хэвийн ажиллагаанд оруулжээ. Харин зарим багаж, тоног төхөөрөмжийн эд анги нөөцөд байхгүй учир сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Боомтуудаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Боршоо боомтын цацрагиийн хяналтын системийн ашиглалт сайн, эвдрэл, гэмтлийг тухай бүрт нь засварлаж, хэвийн ажиллагааг ханган ажиллаж  байна.

Ажлын хэсэг хилийн боомтуудын цацрагийн хяналтын чиглэлээр явуулж байгаа ажил, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгаж баталгаажуулан, үзлэг, засвар үйлчилгээ хийж, эвдэрсэн эд ангиудыг солин, цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга хэмжээний талаар улсын байцаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. 

Хяналтын нэгдсэн дүнг өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, цацрагийн хяналтын чиглэлээр сургалтад хамрагдсан хилийн Мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагч нарт эрх олгож, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэн, хилээр нэвтэрч байгаа бараа, бодис, бүтээгдэхүүнд  тавих цацрагийн хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Мөн засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авч нөөц бүрдүүлэх, улсын байцаагч нарыг бүсчилсэн сургалтад давтан хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, Гашуунсухайт боомтын гарцуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах хөрөнгийн эх үүсвэрийг судлах зэргийг үүрэг болголоо. 

Н.Туяа

Холбоотой мэдээ