Тахийн тоо толгойг 500-д хүргэх зорилттой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-23 10:50:03
Ховд/МОНЦАМЭ/"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшилж байна.
 
Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп нь тахийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, “Тахийн талд” тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байна. Цаашид тахийн тоо толгойг өсгөж 500 хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэж Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар  хэллээ.
 
Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт 42 овгийн 135 төрөлд хамаарах 204 зүйлийн ургамал, 213 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ. Түүнчлэн тахь, цоохор ирвэс, зүүнгарын даахай, сухайн чичүүл, давжаа алагдаага зэрэг нэн ховор амьтан болон хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс зэрэг ховор амьтан тархан нутагшиж байна.
Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ оны 06 дугаар сарын 20-ний өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ. Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирж тахийн сүрэг сэлбэсэн юм.

А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ