Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Шанхайд зочиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 16:08:13

ШАНХАЙ. /Womenofchina/. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Шанхай хотод зочилжээ.

Шанхайн эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Сюй Фөн Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Шанхай хот дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, засгийн газар болон боловсрол дахь эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн ажил, нийгмийн оролцоо, өөрийгөө ухамсарлахуй зэрэгт чиглэсэн улс төр, эдийн засаг, нийгмийн сэдвээр талууд санал солилцжээ. Шанхайн эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч уулзалтад мөн оролцсон байна.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой  “Аз жаргалтай гэр бүл” платформоор дамжуулан Засгийн газар, хууль эрх зүйн тусламж болон зуучлах байгууллагын ажлыг Шанхайн эмэгтэйчүүдийн холбоо хэрхэн өрнүүлж байгаа болон тус холбооны иргэдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд чиглэсэн ажилтай танилцахаар Монголын төлөөлөгчид Шанхай хотын Чаннин дүүргийн Бэйсиньзин гудамжинд байрлах “Аз жаргалтай гэр бүл” студид зочилжээ.

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 1994 онд байгуулагджээ. Монгол ардын намын удирдлага дорх эмэгтэйчүүдийн тус холбоо нь Монголын ардчилсан бүтэц, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн мэргэжлийн чадавх, амьжиргааны болон техникийн түвшинг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ