Төрийн албан хаагчдын монгол бичгийн боловсрол 5,6 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-21 17:47:02
Увс /МОНЦАМЭ/. Монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаатай холбогдуулан албан байгууллагуудад монгол бичгийн сургалтыг үе шаттай явуулсны үр дүнд төрийн албан хаагчдын монгол бичгийн боловсрол 5,6 хувиар нэмэгдсэн хэмээн аймгийн боловсролын байгууллагаас дүгнэжээ.

Тухайлбал, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн монгол бичгийн багшийн удирдлага дор нийтдээ 80 цагийн монгол бичгийн хичээлийг заалгажээ. Энэхүү сургалтын үр дүнд минутад 30 хүрэхгүй үгийг монгол бичгээс хөрвүүлэн уншиж байсан албан хаагч өнөөдөр 100 гаргаж уншдаг болсон байна.
“Монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид 45 хүртэлх насны иргэд болон төр, хувийн хэвшлийн албан хаагчдад монгол бичгийн боловсрол олгох, монгол хэлээрээ алдаагүй цэвэр сайхан, найруулгатай бичиж сурах ажлуудыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Харин энэхүү ажилд төрийн байгууллагууд идэвх санаачлагатай оролцож, бусдадаа үлгэр дуурайл болох нь чухал байгаа юм. Ингэснээр иргэдийн монгол хэл бичгийн боловсрол эрс дээшилнэ” хэмээн монгол бичгийн багш Б.Тайван хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ