Нийт сурагчдын 90 гаруй хувь ЭЕШ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-21 15:49:26
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт ЭЕШ-д 11 хичээлээр 3585 сурагч шалгалт өгчээ. Энэ нь нийт сурагчдын 94.7 хувийг эзэлж байгаа юм. Сурагчдын дийлэнх нь Монгол хэл, бичиг, англи хэл, математик, нийгмийн хичээлийг сонгож шалгалтад хамрагдсан байна. Харин газар зүй, Монголын түүх, орос хэлний хичээлийг цөөн сурагч сонгожээ.
ЭЕШ-ын комиссын даргаар БСУГ-ын дарга А.Нансалмаа, гишүүдээр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ш.Сувдмаа, багшийн мэргэжил дээшлүүлэх инстутын мэргэжилтэн Н.Сайнбаяр,  БСУГ-ын мэргэжилтэн Б.Бямбаханд, А.Мөнхжаргал, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн захирал Б.Батсүх, сургалтын менежер Л.Хишигдэлгэр, хөгжмийн багш Ц.Сарангэрэл нар ажилласан гэж БСУГ-аас мэдээллээ.
Шалгалтын журмын дагуу шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө ТЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь Тагнуулын газрын ажилтнууд битүүмжилж лацадсан, хайрцагтай шалгалтын материалыг хүлээлгэн өгч,  хянагч багш, шалгуулагчдын төлөөллийг байлцуулан лацыг задалж, шалгалт дуусахад сурагчдын материалыг лацдан, холбогдох байгууллагад хүргүүлжээ. ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн гомдол бүртгэгдээгүй байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ