Архангай руу хүмүүс хошуурч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:03:39

2000-2012 оны хооронд Архангай аймагт 30-аад айлын орон сууц ашиглалтанд орж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд 744 айлынх шинэ тохилог сууцтай болжээ. Цэцэрлэг хотын хүүхдүүдийн 63 хувь нь л  цэцэрлэгт хамрагдаж байсныг бүрэн хамрагдах боломж гарцыг олжээ.

Тийм учраас нийслэлийн залуу гэр бүлийнхэн хүүхдүүдээ Архангайн төвд аав ээжээ бараадуулан цэцэрлэгт өгч эхэллээ. Хөдөөгийн сумын төв төдийгүй багуудад цэцэрлэг сургуулийн цогцолбор нэмэгдэж байна. Цэцэрлэг хот өнөөдөр 24000 гаруй хүн амтай. Тэгвэл өнөөгийн удирдлага 50 мянган хүн амтайгаар төлөвлөж энэ суурингийн төлөвлөлтийг зөв хийжээ. Үүндээ дулаан хангамж цэвэрлэх байгууламж, усны эх үүсвэр, цахилгааны хангалтыг нарийн тооцоолжээ.

Тийм байдлаар амьдрах нөхцөл сайжраад ирэхлээр аяндаа хүмүүс ирж суурьшдаг бололтой.

2015 онд Монгол Улсын хэмжээнд зөвхөн Архангай, Өмнөговь гэсэн хоёрхон аймагт хүн ам өслөө. Өнгөрсөн оны сүүлчээр хүн ам 92896 болсон. Энэ жилийн эцэст энэ тоо нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх юм алга гэж аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваа хэллээ.

                                                                                                            Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ