Аудитаас 11 байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-20 19:46:31
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Төрийн аудитын газар 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргасан 239 байгууллагыг аудитад хамруулснаас залруулах боломжгүй зөрчил гаргасан 11 байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг аймгийн Засаг даргад хүргүүллээ. 
Санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар 69 байгууллага зөрчилгүй гарсан байна. 
- Санхүүгийн тайлан удаа дараа зөрчилгүй үнэлэгдсэн 5 байгууллагад аудит хийлгүй итгэл үзүүллээ. Баяннуур сумын орон нутгийн нэгдсэн тайлан, сургууль, Орхон сумын сургууль, эрүүл мэндийн төв, Булган сумын хот үйлчилгээний анги зэрэг 5 байгууллагын бүртгэл хөтлөлт дутуу, тайлангуудын үлдэгдэл зөрүүтэй тул хязгаарлалттай дүгнэлт өгч, Баяннуур сумын ЗДТГ, эрүүл мэндийн төв, Баяннуур, Орхон, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг сумын эмийн эргэлтийн сангууд зэрэг 7 байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт хангалтгүй, тайланг засаж, залруулах боломжгүй тул аудит хийхээс татгалзсан гэж аудитын газрын аудитын менежер Ж.Энхцоодол ярилаа.
Бугат сумын “Элгэн бугат” ОНӨААҮГ татан буугдсан, “Малын удмын сан” дээд байгууллагадаа нэгдсэн тайлан гаргадаг, “Булган АЗЗА” ТӨХК Төрийн аудитын газартай тайлангаа баталгаажуулахаар гэрээ байгуулаагүй, аймгийн Шүүх тайлангаа хугацаанд нь гаргаж ирүүлээгүй зэрэг шалтгаанаар аудитад хамрагдаагүй байна.
Аудитаар нийт 5087.3 сая төгрөг алдаа, зөрчил илэрсний 3443.8 сая төгрөгийн алдаа зөрчлийг аудитын явцад залруулан, 4.9 сая төгрөгт төлбөрийн акт бичиж, 114.4 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийг дахин давтан гаргахгүй байх  талаар 200 байгууллагад зөвлөмж хүргүүлжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ