Сүрьеэгүй ирээдүйн төлөө төрийн байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-18 21:51:22

Завхан/МОНЦАМЭ/. Завханд Сайн эмч хөтөлбөрийн хүрээнд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” хамтдаа нэртэй сургалтыг 24 сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, эмч, лаборант, сүрьеэгийн диспансер бүхий 70 гаруй хүнд зохион байгууллаа.
Сургалтын үеэр эмч мэргэжилтнүүдийг сүрьеэтэй тэмцэх, өвчтөнтэй хэрхэн харьцаж эмчлэх, эмчилгээний арга барилыг орчин үед нийцүүлэх, анхаарлыг өндөржүүлэх, ариутгал халдваргүйтлийг заавар журмын дагуу ягштал мөрдөж ажиллахыг уриалжээ. Мөн үеэр Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж зарим заавар зөвлөгөө өгчээ. Түүнчлэн  Тосонцэнгэл, Их–Уул, Тэс зэрэг долоон сумын эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийж анхан шатанд сүрьеэгийн сорьц тээвэрлэлт хэр явагдаж байгаа болон зарим үйлчилгээн дээр шаардлагатай зөвлөмжийг өгсөн байна. Дашрамд дуулгахад энэхүү сургалтыг аймгийн ЗДТГ, ЭМГ-аас Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан аж. Завхан аймгийн тухайд улсын хэмжээнд сүрьеэ өвчний гаралт бага байдаг. Гэсэн хэдий ч сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг энэ удаагийн сургалтаар олгож урьдчилан сэргийлэх зорилго бүхий танхимын сургалт, хэлэлцүүлэг, дэмжлэгт хяналтыг явууллаа.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч 200.000 орчим хүүхэд жилд эндэж байна. Харин Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, сүрьеэгүй ирээдүйн төлөө шат шатны байгууллагууд хамтран ажиллах нь зүйтэй юм хэмээн аймгийн ЭМГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн           

Холбоотой мэдээ