ОХУ Туркт авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж магадгүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-12-04 09:51:42

МОСКВА. /NHK/. Туркт авсан эдийн засгийн хориг арга хэмжээг өргөжүүлж магадгүй гэсэн санааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн байна.

Путин өчигдөр жил тутмын илгээлтээ парламентдаа тавьжээ. Тэрбээр илгээлтээ эхлэхдээ, өнгөрсөн сард Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн Турк-Сирийн хилийн ойролцоо устгах үеэр амиа алдсан Оросын хоёр албан хаагчид хүндэтгэл үзүүлсэн байна. Туркийн уг үйлдлийг Путин, ар нуруу руу хутга дүрсэн хэрэг гэж үзжээ.

“Туркийн эсрэг хүч хэрэглэхгүй. Гэвч террористуудтай хамтарсан тэдний үйлдлийг ОХУ мартахгүй” гэж мэдэгдсэн байна.

“Турк хийсэн зүйлдээ харамсах цаг ирнэ. ОХУ ямар арга хэмжээ авахаа маш сайн мэдэж байгаа” гэж түүний мэдэгдсэн нь Туркт авсан хориг арга хэмжээг өргөжүүлнэ гэсэн санааг илэрхийлсэн юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний төрөл төрөгсдийн “Лалын улс”-тай хийж буй нефтийн худалдааг ОХУ буруушааж байна гэж тэрбээр дахин мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Туркт хэн мөнгө хийж, террористуудад орлого оруулж байгааг ОХУ мэдэж байгаа. Тэр мөнгийг террористууд зэвсэг худалдан авахад ашиглаж, ОХУ, Франц болон бусад орны иргэдийн эсрэг халдлага зохион байгуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ