Оросыг “Их найм”-д буцаан нэгтгэх нөхцөлийг Т.Мэй хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-12 11:49:27
МОСКВА. /РИА Новости/. Орос улсыг “Их найм”-ын бүлэгт буцаан нэгтгэх нөхцөлийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад үг хэлэх үеэрээ мэдэгджээ.  
 
Тэрбээр хэлэхдээ “Крымын асуудалд хандах хандлагаа Оросын эрх баригчид өөрчлөх хүртэл тус улсыг “Их найм”-д буцаан нэгтгэх талаар аливаа яриа хэлэлцээ хийх боломжгүй” гэжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Канад улсад болсон “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүлэгт Оросыг буцаан нэгтгэх нь зүйтэй гэсэн саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавьсан юм. Түүний энэ санал нь уулзалтад оролцогчдын зүгээс хатуухан шүүмжлэлд өртсөн юм. Харин Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте л түүний саналыг дэмжсэн байна.
 
“Их найм”-ын бүлэг 1998 онд байгуулагджээ. Гэсэн хэдий ч Крым дахь үйл явдалтай холбоотойгоор тус бүлэг 2014 онд “Их долоо” болжээ. Тэр үед “Их долоо” бүлэгт оролцогч талууд ОХУ-ын Сочи хотод болох ёстой байсан ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байхаар шийдэж, ОХУ-ын оролцоогүйгээр уулзалтыг Брюссель хотод хийж байжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ