Мэргэжлийн бүжиг дэглээчид сертификат гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-11 11:55:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооноос хамтран энэ сарын 4-8-нд зохион байгуулсан “Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт” амжилттай болж сертификат гардлаа. 
БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооны тэргүүн Б.Жамьяандагва нар 21 аймгийн театр, чуулгын нийт 28 бүжиг дэглээчдэд сертификатыг нь гардуулж, сургалтаас олж мэдсэн сурсан арга туршлагаа түгээн дэлгэрүүлэхийг хүсэв.
Энэхүү сургалтыг мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгийг түшиглэн орчин үеийн бүжгийн урлагийн мэдлэг туршлага, арга зүйгээс хуваалцах, бүжгийн урлагтай зайлшгүй холбоотой мэдлэг, мэдээллийг олгох, дэглээчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулав.
Сургалтаар орчин үеийн бүжгийн техник, бүжгийн найруулга зүй, тэнцвэр хадгалах урлаг, бүжгийн хөгжмийн зохиолын анализ, бүжгийн гэрлийн дизайн зэрэг хичээлийг үндэсний сургагч багш нар болон төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг багш нар заасан юм. Мөн төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёл, урлагийн салбарын хууль,  эрх зүйн орчин, холбогдох дүрэм журам болон урлагийн менежментийн чиглэлээр өргөн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгохоор нийт 45 цагийн хичээлийг явуулав.  

Ж.Болор
 

Холбоотой мэдээ