"Сухой конструкшн” компани иргэний агаарын онгоцуудаа танилцуулж хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-08 13:22:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулган, цуврал арга хэмжээ хоёр дахь өдрөө “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилга дор Монгол-Оросын хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны уулзалт боллоо.
Уулзалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат удирдаж Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр Засгийн газраас дэвшүүлээд буй Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монгол Улс дахь төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин”, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын боломж, мөн зөвлөх Л.Хангай “Монгол Улс-ОХУ- БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулж илтгэл тавьсан юм.
Монгол-Оросын хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын “Внешэконом” банкны хооронд санхүүжилтийн, Худалдаа хөгжлийн банк болон Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ”,“Голомт” банк Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк, “Ди Би Эм лизинг” ХХК “Внешэконом” банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа тус тус боллоо. Банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна хоёр талын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Монгол-Оросын хөрөнгө оруулалтын танилцуулга, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны уулзалтад 200 зочин төлөөлөгч, мөн өнөөдөр болсон хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан ажил хэргийн уулзалтуудад Монголын талаас 300 орчим ААН-ийн төлөөлөл оролцов.
Энэ удаагийн арга хэмжээнд ОХУ-ын талаас хүнс, Хөдөө аж ахуйгаас гадна уул уурхай, барилга тээвэр Монголд анх удаа ирсэн нисэх онгоцын үйлдвэрлэгч “Сухой конструкшн” компанийн төлөөлөл иргэний агаарын онгоцуудаа танилцуулж хамтран ажиллах санал тавив. Сүүлийн хоёр жилд 200-гаад нисэх онгоц борлуулаад байгаа тус компанийн төлөөлөл манай улсын “МИАТ”, “Хүннү эйр”, “Айро Монголиа” компанийн удирдлагатай уулзаж нисэх онгоц нийлүүлэх, түрээслүүлэх, засварлах зэргээр цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодорхойллоо. Мөн Монголын “Баттрейд Си” групп ОХУ-ын Москва хотын чихрийн фабриктай гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ