CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-07 14:10:12

(CNN) Солонгосын хойгийн улс төрийн байдал хурцадмал хэвээр цаг үед хоёр Солонгосын баг тамирчид энэ амралтын өдрүүдээр Монгол Улсад спортоор мөр зэрэгцэн өрсөлдөхөөр боллоо.

Хоёр улс өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн төрөлд нэгдэн өрсөлдсөний дараахан жудочид түүхэндээ анх удаа Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хамт оролцох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Олон улсын жудо бөхийн холбооны мэдээлснээр энэ нь Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын тамирчид “зуны спортын төрлөөр” анх удаа нэг тугийн дор өрсөлдөж буй тохиолдол юм.

Энэ талаар Олон улсын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер хэлэхдээ “Жудо бол зөвхөн спорт биш” хэмээн тэмдэглээд, ирэх 9 дүгээр сард Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулагдах Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр улс ийм байдлаар нэгдэн оролцохоор “төлөвлөж буйг” нэмж хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “Жудо бол тулааны урлаг, олимпийн спорт, үнэт зүйлээрээ улс орнуудыг нэгтгэх хэрэгсэл” гэсэн юм.

‘Найрамдалт харилцааг бэхжүүлэх нь'

Сар орчмын өмнө хийсэн түүхэн уулзалтынхаа үеэр БНСУ, БНАСАУ-ын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, дайсагнасан байдал намжсанаас хойш 65 жилийн дараа Солонгосын дайныг албан ёсоор төгсгөхөд хамтран ажиллахаар тохирсон билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар энэ сарын 12-ны өдөр Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд уулзахаар төлөвлөөд буй.

БНСУ, БНАСАУ-ын холбогдох албан тушаалтнууд Лхагва гарагт Монголын нийслэлд уулзаж, Зүүн азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээний ням гарагт болох багийн төрөлд хоёр улсын жудочид нийлэн өрсөлдөх шийдвэрт хүрчээ.

Зүүн азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, БНХАУ, Тайван, Макао, Хонконгийн тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлснээр нийт оролцогчдын тоо 200 даваад байна.

Тэмцээний багийн төрөлд таван тамирчин нэг багийг бүрдүүлэх бөгөөд Солонгосын жудочийн өмсгөл дээр нэг л туг мандах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд энэхүү тэмцээнийг зохион байгуулах нь “зүүн Азийн орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бие биенээ хүндэтгэх, мөн харилцан туршлага солилцох, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх” ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Нэгэн үед тулааны урлагийн од болон гялалзаж, Монголын жудо бөхийн холбооны тэргүүний суудлаас улс төрд орсон Ерөнхийлөгч Баттулга бямба гарагт болох тэмцээний нээлтэд оролцоно.

Тэмцээнд өрсөлдөх тамирчдын бүрэн жагсаалт Баасан гарагт эцэслэгдэн гарна.

Энэхүү тэмцээн нь БНСУ, БНАСАУ анх удаа спортоор нэг тугийн дор өрсөлдөж буй тохиолдол биш билээ.
Энэ жил БНСУ-ын Пёнчанд болж өнгөрсөн Өвлийн олимпийн наадамд хоёр улс мөсөн хоккейн төрөлд хамтран оролцоод зогсоогүй нээлтийн ажиллагааны үеэр нэгдэн жагссан нь хоёр талын дипломат харилцаанд гарсан, дэлхий нийтийн анхаарлыг татахуйц том алхам байлаа.
 

Эх сурвалж:president.mn

Холбоотой мэдээ