Аймгийн төвийг цахилгаанаар хангах дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-04 22:58:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компанийн тус аймаг дахь салбарын харьяанд байдаг Өлгий хотыг цахилгаанаар хангах шилжүүлгийн трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт эрчим хүч хэрэглэгчдийн тоо тогтмол өсөж, 5, 6, 9 дүгээр саруудад ачаалал хамгийн оргил цэгтээ хүрдэг аж. Үүнтэй холбогдуулан дээрх дэд станц нь ачааллаа даахгүй болжээ. Уг асуудлыг Эрчим хүчний яам болон "Баруун бүсийн эрчим хүчний систем" компанид тавьж холбогдох санхүүжилтийг шийдвэрлүүлснээр өмнөх дөрвөн мегаваттын хоёр дэд станцыг "Эй Би Би" компанийн үйлдвэрлэсэн найман  мегаваттын дэд станцаар солих ажлыг эхлүүлжээ. Иймээс цахилгааныг айл өрхүүдэд хэсэгчлэн хязгаарлаж өгч байна.

Одоогоор эхний дэд станцыг сольж дууссан бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгэжээ. Тус ажил нь энэ сарын 13-14-ний өдөр хүртэл үргэлжлэх тул тухайн хугацаанд цахилгааныг түр тасалдах асуудал гарах гэнэ.

Дашрамд хэлэхэд, Өлгий хот өндөр хүчдэлийн шугамд анх холбогдсон 1997 онд 3 орчим мегаватт эрчим хүч авдаг байсан бол өнөөдөр ачаалал хоёр дахин нэмэгдэж 7 орчим мегаваттад хүрчээ.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ