Н.Эрдэнэбаяр:Цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 3 дахин өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-04 13:22:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэв.

Энэ хүрээнд тус ангийн 40 гаруй албан хаагч цусаа хандивлалаа. Тус ангийн захирагч бөгөөд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Манай ангийн хамт олон ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжиж цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлст хамтран ажиллах уриалга гаргасан юм. Цаашид ч сайн үйлсийг дэмжин ажиллах болно” гэв.



Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох,  амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэж байна. Ингэснээр цусны донорын эгнээг өргөжүүлэх,  цус цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, байнгын донор буюу жилд 2-3 удаа цусаа өгдөг донорын тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.  Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 3 дахин өссөн сайн үзүүлэлт гарсныг тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр тодотгож байв.
Үйл ажиллагааны хүрээнд  донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”,  Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр Д.Эрдэнэбат нарын доноруудыг шагнаж урамшуулсан юм.



Энэ үеэр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяраас дараах мэдээллийг тодруулав.

-Донорын тоо нэмэгдэж байна. Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага хэр өсч байна вэ?

-Эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний захиалга жилээс жилд асар хурдацтай нэмэгдэж байна. Бидний гаргасан тооцоогоор сүүлийн 5 жилийн тоог өмнөх 5 жилийн дундаж үечлэлтэй харьцуулахад зарим бүтээгдэхүүн 2 дахин, зарим нь 3-3.5 дахин өссөн үзүүлэлт гарсан. Тухайлбал, тромбоцит гэдэг цусны бүлэгнэлтийг дэмждэг бүтээгдэхүүний захиалга 2006-2016 онтой харьцуулахад 40 дахин нэмэгдсэн. Тромбоцитыг удаан хугацаанд хадгалж болдоггүй, нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүн. Өдөрт дунджаар 100 орчим донороос цус цуглуулж байж эмнэлгүүдийн захиалж буй хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Улаан эс, сийвэнгийн бүтээгдэхүүний хувьд тодорхой хэмжээний нөөц хангалттай. Захиалга ирсэн үед бүрэн хангах боломжтой. Азийн хөгжлийн банк, “Эрүүл мэндийн хөгжил 5” төслийн хүрээнд техник технологийн иж бүрэн шинэчлэл хийснээр өмнө нь 14-15 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо 26 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсад элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах зэрэг өндөр технологи нэвтэрч байгаа. Эмнэлгүүдэд чухал шаардлагатай нарийн технологиор бүтээдэг цус цусан бүтээгдэхүүнийг олон улсын жишгийн дагуу үйлдвэрлэн нийлүүлж эдгээр эмчилгээг дэмжих бүрэн боломжийг бүрдүүлж байна.

-Өдөрт хичнээн донор цусаа хандивладаг вэ. Тэднийг алдаршуулахын тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Өдрөөс хамаарч янз бүр байдаг. Зарим тохиолдолд 50-60, 200-300 донор ч хандах нь бий. Ялангуяа сар бүрийн 03-ны үйл ажиллагаа, тэмдэглэлт өдрүүдэд илүү олон донор цусаа өгдөг. Сард дунджаар 3000 орчим донороос цус цуглуулж байж эмнэлгүүдэд шаардлагатай богино хадгалдаг бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Мөн сүүлийн жилүүдэд олон удаа цусаа өгч буй доноруудыг алдаршуулан урамшуулах аижллагааг зохион байгуулж байна.  Тухайлбал, 70-100 удаа цусаа өгсөн донорыг “Хүрэл донор”, 100-150 удаа өгсөн бол “Мөнгөн донор”,   150-аас олон удаа цусаа өгсөн бол “Алтан донор”-оор өргөмжилдөг. Өнөөдөр бусдын төлөө сайн дураар авлагагүй цусаа өгдөг “Алтан донор” 5, “Мөнгөн донор” 20 гаруй,  “Хүрэл донор” 70 орчим төрсөн. Цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, цусны аюулгүй байдлыг хангах, нөөцөө бүрдүүлэхэд доноруудын оролцоо идэвх чухал. Мөн цусаа тодорхой давтамжаар өгөхөд хүний биед сөрөг нөлөөгүй, донорууд бусдын төлөө энэрэнгүй сэтгэлээр ханддаг хүмүүс гэдгийг донорууд батлан харуулж байна.

-Зуны улирал эхлэхэд доноруудын тоо цөөрч, цус хомсдох тохиолдол гардаг. ЦССҮТ-ийн цусны нөөц хэр байна вэ. Хүрэлцээтэй хэмжээнд байж чадах уу?

-Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд цус цуглуулалтын хэмжээ өндөр байдаг боловч улирал, бүлгийн шинж чанартай цус хомсдох тохиолдол гардаг. Манай орны хувьд зуны улиралд оюутан залуус, ажиллагсад амарч амьдралын хэвшилтэй холбоотой 7, 8 дугаар сард доноруудын тоо эрс цөөрдөг. Доноруудын тоо цөөрсөнтэй холбоотой 5 жилийн статистик тоогоор II бүлгийн цус дутагдах хандлага гардаг. Тиймээс цаашид бодлогоор II бүлгийн доноруудын нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эмнэлгүүдийн захиалгад 7, 8 дугаар сарын үед II, III бүлгийн цустай хүмүүст илүү цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй гэсэн тооцоо гардаг. Тиймээс бүлэгтэй хамааралтай цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсч буйг судалж байна. Зуны улиралд II, III бүлгийн цусны хэрэгцээ илүү өсдөг.

-Иргэд сайн дураар цусаа хандивлахад юуг анхаарах вэ?

-Донорын эгнээнд нэгдэхийн тулд 17 нас хүрсэн байх хэрэгтэй. Архаг хууч өвчингүй, шарлаж байгаагүй өөрийгөө эрүүл гэж бодсон хэн ч донор болж болно. Цусаа өгөхийн тулд урд орой нь сайн унтаж амрах, тос өөх багатай хоол идэх, архи дарс 72 цагийн дотор хэрэглэхгүй байх шаардлагатай.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ