Б.Чойжилсүрэн: Нэг ч удаа өөртөө давуу байдал үүсгэж байгаагүйг хариуцлагатай мэдэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-31 13:36:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн 100 хувийн эзэмшлийн "Хурд групп" ХХК-д 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгосон эсэх талаар өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп” ХХК-д НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байна. Тэгвэл Ёс зүйн дэд хорооноос уг асуудлыг шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргажээ. Дүгнэлтэд "“Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох, мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна. Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” хэмээжээ.

Холбогдох хуулийн хүрээнд эрх үүсч, Сангийн яамнаас НӨАТ-ын буцаалтад “Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөг олгосон бөгөөд олон нийтийн сүлжээнд гарснаар 36 тэрбум олгодоогүй гэдгийг Б.Чойжилсүрэн гишүүн тодотгож байв. Тэрбээр мөн “Миний 100 хувь эзэмшдэг “Хурд групп” ХХК 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах актыг Татварын ерөнхий газарт хүргүүлж баталгаажуулсан. Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж, Сангийн яамнаас буцаан олголтыг өгсөн. Энэ бол хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа. Хуулийн энэ зарчмын дагуу "Хурд групп" ХХК 18 тэрбум төгрөгийн урьдчилж илүү төлсөн НӨАТ-аа буцаан авсан үйл явдал юм” гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Танай компани тус, тусдаа 18 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг авсан гэж ойлгож байна. Нийлээд 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан юм биш үү?

-Сангийн яамнаас 8 тэрбумаар нэг удаа, 10 тэрбумаар нэг удаа гүйлгээ хийсэн. Нийт 18 тэрбум төгрөг. Үүнийг хоёроор үржүүлээд л олон нийтийн сүлжээнд тавьчихсан байх. Энэ талаар тайлбар хийсэн бичиг нь ч байна. 

-Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсад мөрдөж буй НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан. Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийсэн татварын буцаан олголт. Олон компаниуд илүү төлсөн татвараа буцаан авдаг. Баримт нь ил тод, нээлттэй байдаг. Гол нь намайг улс төрд байгаа болохоор Сангийн сайд байхдаа улсын төсвийн орлогыг өөрийн компанидаа авчихсан юм биш байгаа л гэж хардаад байгаа юм. 

-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?

-Энэ намайг олон жил дагаж байгаа асуудал. 2010 онд миний 50 хувийг нь эзэмшдэг "Саус гоби гоүлд транс" компани ашиглалтын зөвшөөрлийг нь 3.6 сая ам.доллараар худалдаж авсан. 2010-2012 онд хайгуул хийсэн энэ талбай Тосон бумбын нуруунаас 58-80 км-ийн зайтай. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай яг зэрэгцээд л байдаг. Одоо тэнд байгаа хоёр булгийн эхийг 2 км радиусаар тойруулан холдуулсан. Урт нэртэй хуульд бол 200 м гэж байгаа. Нутгийн иргэд ч үүнийг ойлгож байгаа. Гэтэл хаа байсан Улаанбаатарт байгаа хүмүүс л улс төржүүлдэг. Та бүхэн энэ улс төржилт ямар зорилготойг мэдэж байгаа байх. Хууль зөрчсөн нэг ч процесс байхгүй. 

-Морин хуур цогцолборын газрыг зориулалтын бусаар ашиглаж байна гэсэн шүүмжлэл мөн Тантай холбоотой гараад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 
-Улс төрд янз бүрийн байдлаар гүтгүүлэх хувь заяатайгаа эвлэрээд байна. Морин хуур төслийн газрыг авсан компани "Хурд групп"-тэй хамтраад орон сууцны хороолол барих санал тавьсан. Энэ дагуу манай компанийн залуус менежмэнт хийгээд ажиллахаар хэлэлцсэн юм билээ. Үүнийг мушгиж гүтгэлэг гаргасан байна лээ. Энэ дашрамд хэлэхэд "Хурд групп" 15000 орчим орон сууц барьсан. Намайг албан тушаалаа ашиглаад ямар нэг давуу байдлаар газар аваад барилга барьсан гэх хардлага байхыг үгүйсгэхгүй. Би нэг ч удаа давуу байдал үүсгэж тендэр болон газар аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ