С.Шойгу: Ялалтын баярын жагсаалын үеэр үзүүлсэн зэвсэг техникийг туршин сайжруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-31 10:34:25
МОСКВА. /ТАСС/. Москвад болсон Ялалтын баярын жагсаалын үеэр олон нийтэд үзүүлсэн шинэ зэвсэг техникүүд болох Су-57 сөнөөгч онгоц, “Кинжал” цогцолбор зэргийг байлдааны нөхцөлд туршиж, улам боловсронгуй болгож байна. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу тус яамны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хуралдаанд оролцохдоо мэдэгдлээ.
 
“5 дугаар сарын 9-ны парадын үеэр бид хэд хэдэн шинэ техникийг үзүүлсэн. Эдгээр нь Су-57 сөнөөгч онгоц, МиГ-31 онгоцонд байрлуулсан “Кинжал” цогцолбор, “Уран-6”, “Уран-9” роботууд зэрэг зэвсэг техникүүд юм. Эдгээрийг бүгдийг нь зэвсэгт хүчинд нийлүүлж байгаа. Бид эдгээр зэвсгийг зөвхөн байлдааны нөхцөлд туршаад зогсохгүй улам боловсронгуй болгож байна” гэж С.Шойгу онцлон тэмдэглэлээ.
 
Он гарснаас хойшхи хугацаанд 23 нэгж БМП-3 явган цэргийн байлдааны машин, ар талын хангамжийн “Эльбрус” хөлөг онгоц, харуулын хоёр катер, 18 нисэх онгоц, 32 нисдэг тэрэг, туулах чадвар сайтай 125 автомашин, 155 нисгэгчгүй нисэх аппарат болон бусад зэвсэг техникийг зэвсэгт хүчинд нийлүүлсэн гэдгийг сайд дурдсан байна.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ