Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүн уг хуулийн төслийг энэ сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм. 2002 онд баталсан Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэмт хэрэгт “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Гэвч 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд дээрх заалтыг 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дүгээр зүйлд “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” хэмээн салгажээ. Гадаадын тагнуулын байгууллагад Монгол Улсын төрийн нууц мэдээллийг өгөх, хамтран ажиллах нь “Эх орноосоо урвах” гэмт хэрэгт хамаарах тул дээрх хоёр заалтыг эгүүлэн нэгтгэх нь зүйтэй хэмээн хууль санаачлагч үзсэн байна.
Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын өргөн барих төсөлтэй хамт хэлэлцэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Харин хууль санаачлагчийн зүгээс Засгийн газраас өргөн барих хуулийн төслийг хүлээх нь цаг алдах магадлалтай хэмээв. УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөд нэг сар гаруйн хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж амжихгүй байх магадлалтай хэмээн тайлбарласан юм.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Ч.Ариунболд